Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгох эсэх асуудлаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд санал хураахад 42 гишүүн оролцжээ. Тэднээс З.Алтай, Ш.Сайхансамбуу, Д.Очирбат, Х.Наранхүү, С.Баярцогт нар төрийн ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөө, ард түмнийхээ мэдээлэл авах эрхийн талд зогссон аж. Ардчилал, ил тод байдлын эсрэг ардчилсан гэх улсын Парламент нь ингэж аймшиггүй савласны учир тайлагдаж эхэллээ.
“Хаалттай” саналын төлөө товчлуур дарсан гишүүдийн цөөнгүй нь ямар заалтын төлөө санал өгч байгаагаа мэдээгүй гэнэ. Д.Ганхуяг гишүүний ярьж буйгаар Дэгийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх болон эхний хэлэлцүүлгийн шатанд Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгох заалт байгаагүй аж. Зарим гишүүн өөр зүйлд анхаарлаа хэт хандуулсан нь “тодорхой зорилго бүхий” цөөн хэдэн нөхөрт ашиглуулахад хүрчээ гэсэн дүгнэлт ч хийж болохоор аж. Хуралдааны тэмдэглэлээс үзвэл, Д.ДамбаОчир, Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг нар лав хаалттай хуралдааны төлөө товчлуур дарсан байна. Гэтэл тэд үнэн хэрэгтээ “өгөөгүй” байж. Энэ мэтээр олон гишүүний байр суурь төөрөлджээ.Тэдний заримынх нь үгийг сонслоо.
Хамгийн бодитой мэдээллийг Байнгын хорооноос авдаг
С.Бямбацогт: -Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгохыг дэмжихг үй. Хууль баталсан өдөр чуулганы танхимд би байгаагүй юм. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлого шийдвэр, тогтоолыг ард иргэдэд хүргэж байх хэрэгтэй. Энэ нь эргээд ард түмэнд ашигтай, хортой байхын аль нь болохыг тэд хараг л дээ. Сэтгүүлчид Байнгын хорооны хуралд суухгүй байж чуулганы нэгдсэн хуралдаанаас яаж үнэн зөв мэдээлэл олж авч олон нийтэд хүргэх юм бэ. Ард түмнийг төр засагтай холбодог сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг ингэж хаах нь буруу. Бид төр, засгийн бодлогоо хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж иргэддээ хүргэх ёстой.
Төсөлд байгаагүй заалт гэнэтхэн оруулж ирсэн
Д.Ганхуяг: -Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх хийгээд эхний хэлэлц үүлгийн үеэр Байнгын хороог хаалттай болгох талаар юу ч яригдаагүй. Хаалттай байхын төлөө санал өгсөн гишүүдийн цөөнгүй нь ямар заалтын төлөө санал өгснөө ч мэдээгүй байх шүү. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Ийм байгууллагад ард түмэн нь хяналт тавих, тэндээс мэдээлэл авах эрхтэй байдаг юм. Хуулийг ард түмэн хэрэгжүүлдэг. Тийм учраас хэлэлцүүлгийн явцад иргэний нийгмийн төлөөлөл бас байх шаардлагатай болдог. Төрийн мэдээллийн ил тод байдлын чиглэлээр дэлхий дахинд томоохон дэвшил ахиц гарч байна. Төрийн үйл ажиллагаа ил тод байх тусам сайн засаглал бэхждэг гэсэн чиг хандлага руу олон улс явж байна. Гэтэл УИХ Төрийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсаар байдгийг ойлгодоггүй. Ер нь бид юугаа нуух гээд байгаа юм. Эцсийн хэлэлцүүлгийн үеэр яагаад, гэнэтхэн ийм заалт ороод ирэв гэдэгт их учир байх шиг байна.
-Ямар нэгэн асуудлыг хаалттай хэлэлцэх ашиг сонирхол цухалзаад байгаа юм биш үү?
-Хэсэг бүлгийн ашиг сонирхол Дэгийн хуулийн ард байгааг үгүйсгэхгүй. Би Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа. Зарим гишүүн хуулийн алдаагаа засахаар төсөл бэлтгэж байгаа юм билээ. Би дэмжинэ. Баяр ёслолын үеэр, цаг хугацаагаар шахаж байгаад хууль батлуулах нь мэр сэр ажиглагддаг. Нам, төр хоёр хутгалдчихаад байна. Чуулганы багагүй хэсгийг МАН, АН-ын хурал, батлах тараах зэргээс болж багагүй хугацаа алддагийг бодох л хэрэгтэй. Түүнээс нь болж УИХ хэлэлцэх асуудлаа төлөвлөж чаддаггүй. Тэгсэн хэрнээ чухал асуудлыг эгзэгтэй үетэй давхцуулж батлуулдаг болоод байгаа юм.
-Тантай адил ямар заалтын төлөө санал өгснөө мэдээгүй гишүүн цөөнгүй байна лээ...?
-Эцсийн найруулгад байгаагүй өөр зүйл, заалт орж ирээгүй биз гэж би асуусан. Үгүй л гэсэн. Дэгийн хуулийг баталсныхаа маргааш нь хэрэгжүүлж эхэлнэ гэснийг сонсоод гайхаж л байсан. Ми-8-ын хэрэгтэй холбоотойгоор хариуцлагаас мултрахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байсан явдал байдаг. Түүн шиг юм руу явчихаж гэж үзэж байна.
Бид алдаагаа засаж чаддаг байх хэрэгтэй
Ц.Сэдванчиг: -Миний мэдэхээр Дэгийн тухай хуулийн 5-6 төсөл байсан. Гэтэл оны сүүлээр гэнэтхэн нэг хувилбараар санал хураалгасан. Дэгийн тухай хуулийн төслийг анзаарах сөхөө надад бага байсан. Гэтэл Үндсэн хуулийн зарчимтай илт зөрчилдсөн Дэгийн хууль батлагдчихаж. Тусгайлан хамгаалах нууцад хамаарах асуудлаар иргэн мэдээлэл авах, хайх эрхтэй гэсэн агуулгатай заалт, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчмаас Дэгийн тухай хууль ухарсан. УИХ-ын тухай хуульд УИХ-ын үйл ажиллагаа олон түмэнд нээлттэй, ил тод байна гэсэн заалт бий. Түүнийг ч зөрчлөө. Бид алдаа хийчихэж. Энэ алдаагаа засах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж байна.