“Үндэсний
бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” хэмээх шагнал бий болгох
тухай өнгөрсөн оны сүүлээр Төрийн тэргүүн зарлиг гаргасан. Монгол орны
эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд шинэ жишгийг авчирч, дэлхийн
стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас
болж чадсан бүтээн байгуулалтыг шалгаруулах нь “Төрийн гэрэгэ”-гийн
үндсэн санаа, зорилго нь юм байна.
Зарлигыг хэрэгжүүлэх Журмыг өнгөрсөн баасан гаригт албажуулснаар XVII жарны илжиг хэмээх төмөр туулай жилийн босгон дээр их бүтээн байгуулалтын анхны эзэд тодрох аж. Дэлхийг эзэгнэж асан Их Чингис хааны зарлигтай “Алтан гэрэгэ”-тэй хүн дэлхийн өнцөг булан бүрт зорчих эрхтэй байсан гэдэг. Түүний утга агуулгыг санаж “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн гэрэгэ”-г санаачилжээ. Тэгэхээр ийм шагнал авсан бүтээн байгуулалт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэсэн үг.
Өнөөдөр монголчууд дэлхийн хэмжээнд сэтгэж байна гэх болж. Энэ сэтгэлгээг Төр дэмжиж урамшуулахад зарлигийн бас нэг санаа оршив бололтой. Монгол хүний оюун ухаан, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга байгууламж, цогцолбор, хэвлэгдэн гарсан ном, зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд уг “Гэрэгэ”-г олгох юм байна.
Тухайн бүтээн байгуулалт нь хэмжээ, далайцаараа дэлхийн хэмжээнд хүрсэн, ашиглаж буй техник, технологийн түвшин, гиноваци, бүтээгдэхүүний чанар олон улсын стандарт, жишигт хүрсэн, оюуны өмчийн гэрчилгээ авсан, салбартаа кластер бүрдүүлэгч толгойлох зүтгүүр үйлдвэр болох нөхцөл хангасан, бүтээгдэхүүнээ экспорлогч, улсын болон орон нутгийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч, орон нутгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч, ажлын байр олноор бий болгосон, монголчуудын оюун санааны хөгжилд шинэ үе шат нээсэн байх шалгуурыг “Үндэсний бүтээн байгууллатын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-д нэр дэвшигчид тавих юм байна.
Архи, пиво, тамхи, буу, зэвсэг зэрэг хүн, нийгэмд хортой зүйл үйлдвэрлэгчдэд энэ шагнал хаалттай аж. Нэг жилд олгох шагналын тоо гурваас хэтрэхгүй. шагнал нь Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цом байх гэнэ. Зөвхөн бүтээн байгуулалтад олгохгүй нь. Түүнд оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан иргэнийг ч Төрийн алдар цол, одон медалиар шагнах журам боловсруулжээ.