МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар Төрийн санг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгсөн талаараа өчигдөр мэдээлэл хийв. Иргэдийн мөнгийг хууль бусаар, жилийн 0.5 хувийн хүүтэй Төрийн санд байршуулсан явдлыг эрүүгийн шинжтэй гэмт хэрэг хэмээн үзэж ийнхүү Иргэний шүүхэд хандсан аж.
Манай улсад нийт 480 мянган даатгуулагч байдаг бөгөөд Нийгмийн даатгалын үлдэгдэл санд 260 тэрбум төгрөг байршиж байх ёстой. Гэвч одоогоор 84 тэрбум төгрөг байгаа гэх ч энэ мөнгө бий эсэх нь тодорхойгүй аж. Бусад орны жишгээр бол Нийгмийн даатгалын мөнгөөр Засгийн газрын бонд, үнэт цаас худалдан авах, эсвэл арилжааны банкинд байршуулдаг.
Хэрэв даатгуулагчдын мөнгийг энэ байдлаар ашигласан бол тэтгэвэр, тэтгэмж авагчдын мөнгө жилд дор хаяж 8.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой юм байна. Тухайлбал, 20 жил ажилласан нэг багшийн нэрийн дансанд 25 сая төгрөг хадгалагдаж байдаг бөгөөд жилдээ хоёр сая төгрөг авах боломжтой болох байжээ. МҮЭХ Иргэний шүүхэд гаргасан мэдэгдэлдээ даатгуулагчдын мөнгөний өнөөдрийг хүртэлх хүүг бодож, мөнгө дансанд байгаа эсэхийг тогтоож өгөхийг хүсчээ.
Түүнчлэн Төрийн дансанд энэ мөнгийг анх байршуулсан болон үүнийг мэдсээр байж дуугараагүй үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн МҮЭХ үзэж байгаа тул уг хэргийн хариуцагчаар Сангийн сайд С.Баярцогтыг татсан юм байна.