Зөвхөн өдрийн ангийн оюутнуудад 500 мянган төгрөг олгохоор болсон
Уншсан 8206 vote 0 2011.01.04 11:10:09Хүний хөгжил сангаас олгож буй мөнгөөр сургалтын төлбөрөө төлөх боломжтой гэж хичээлийн шинэ жил эхлэхэд БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр мэдэгдсэн. Гэсэн ч энэ мөнгө өнөө хэр сургуулиудын дансанд ороогүй байна. Мөнгийг ямар журмаар их, дээд сургуулиудад олгохыг БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжаваас тодрууллаа.
-Сургуулиудын дансанд мөнгө хэзээ шилжих вэ. Хэчнээн оюутан хамрагдах вэ?
-Бид судалгаа хийгээд зөвхөн өдрийн ангийн оюутнуудад энэ мөнгийг олгохоор болсон. Энэ оны төсөвт 82.5 тэрбум төгрөг баталсан бөгөөд сургалтын төрийн сангаар дамжуулж мөнгийг нь олгоно. Улсын хэмжээнд 151 мянган оюутанд өгөх тооцоо гаргаад байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас үлгэрчилсэн маягт гаргаж өгөх ёстой. Энэ маягтыг бид их, дээд сургуулиуд руу хуваарилсны дагуу тэд материалаа бүрдүүлж сургалтын төрийн санд явуулах юм. Уг маягт одоо болтол манайд ирээгүй байгаа учир бид хүлээхээс аргагүй болсон. Тиймээс мөнгө сургуулийн дансанд яг хэзээ шилжихийг хэлж мэдэхгүй байна.
-Эчнээ, оройн ангид суралцаж буй оюутнуудад яагаад мөнгө өгөхгүй байгаа юм бэ. Эх орны хишиг 1.5 сая төгрөгийг хүн бүрт олгохоор болсон биз дээ.
-Эчнээ, оройн ангид суралцагчид өдрийн ангийн оюутнуудыг бодвол ажил хийх боломжтой. Мөн тэдний тухай нарийн мэдээллийг гаргахад хэцүү. Тиймээс эхний ээлжинд өдрийн ангийн оюутнуудад өгч, төсөв батлагдсаны дараа хүн бүрт хувь хишгийг нь олгох юм билээ.
-Оюутан мөнгөө авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой юм бол?
-Тухайн оюутан хороон дээрээ очиж овог нэр, өргөдөл, сургуулийн тодорхойлолт, аль сургуулийн хэддүгээр дамжаанд суралцдагаа бүртг үүлж хүсэлт гаргана. Харин орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнуудыг эцэг эх, ах дүү нар нь тухайн харьяалалд нь бүртгүүлж болно. Түүнчлэн их, дээд сургуулиуд тухайн оюутныг элсүүлсэн захирлын тушаал, судалгааг гаргаж сургалтын төрийн санд бүрдүүлж өгөх ёстой.
-Магадлан итгэмжлэгдээгүй сургуулийн оюутнуудад мөнгө олгох уу. Энэ жилийн төлбөрөө төлсөн оюутан ирэх жилийнхээ төлбөрт авч болох уу?
-Төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулийн 151 мянган оюутанд мөнгө олгоно. Тэгэхээр заавал магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагагүй. Харин ирэх хичээлийн жилд мөнгө олгох эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2010- 2011 оны хичээлийн жилд оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгийг олгох нь тодорхой болсон гэв.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдээс маягтаа хэзээ явуулах талаар тодруулахад “Энэ сарын 5-7-нд орон нутгийн салба рын хаа мэргэжилтнүүдэд Хүний хөгжил сангаас олгох мөнгийг хэрхэн өгөх талаар гурван өдрийн сургалт явуулах гэж байна. Энэ үеэр тодорхой мэдээлэл өгөх байх. Сургуулиудын дансанд 500 мянган төгрөг энэ сардаа багтаж орно” гэв.