
Дуобусуудыг гуравдугаар шугам буюу III, IV хорооллын эцсээс Үйлдвэр комбинатын троллейбусны эцсийн буудлын чиглэлд явуулна. 2011-2012 онд Улсын төсвийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Цахилгаан тээвэр” компани 23 тээврийн хэрэгсэл угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, Нийтийн тээврийн газраас хоёр троллейбус, ЗТБХБЯ-наас 12 дуобус, БОАЖЯ-ны “Цэвэр агаар” сангийн санхүүжилтээр есөн дуобус угсрах юм. Нэг дуобусыг 166 сая төгрөгөөр угсарч байгаа аж.
Дуобус нь агаарын бохирдлыг бууруулж, 100 км-т зарцуулах шатахуун, ашиглалтын зардал дөрөв дахин бага зэрэг олон давуу талтай. “Дизель, генератор бүхий хосолмол хөдөлгүүртэй дуобус эрчим хүчний хязгаарлалтад орохгүй, маршрутыг хүссэнээрээ сонгох боломжтой. Ботаникийн эцэс хүртэл цахилгааны хөдөлгүүрээрээ явж, цааш Улиастай хүртэл дизель хөдөлгүүрээ залгаж явах боломжтой. Цаашид долоо хоногт хоёр дуобус үйлдвэрээс гарснаар Долоон буудлаас Вокзал, III, IV хорооллын эцсээс Сансар, Ханын материалын комбинатын буудлаас Офицеруудын ордон хүртэлх хуучин чиглэлүүдээ сэргээнэ” гэж тус компанийн ерөнхий инженер О.Баатархүү ярилаа.
“Цахилгаан тээвэр” компани нь 1987 онд “Троллейбусны комбинат” нэртэйгээр 187 троллейбустай, найман маршрутад үйлчлэхээр байгуулагдаж байсан бол өдгөө 50 троллейбустай нийтийн тээврийн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй аж. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2006 онд анхны “JEA-800” маркийн троллейбус, дараа онд аккумляторын системтэй шинэ загварын “Электробус”, “Монбус” зэрэг нийт 41 троллейбус, дуобус угсарчээ. Мөн 2009 онд Казахстан улсын захиалгаар “JEA-800F” маркийн хоёр дуобус угсарч экспортод гаргаж байсан аж.
Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар угсралтын үйлдвэрлэлийг шугаман дамжлагад шилжүүлснээр хүчин чадал нь гурав дахин өсөж, жилд 80-100 троллейбус, дуобус угсарч үйлдвэрлэх техник, технологийн хүчин чадалтай болсон байна. Ингэснээр тус компанийнхан анх байгуулагдаж байсан түвшиндээ хүрэх зорилт тавьжээ.