ЮНЕСКО-гийн
Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн гишүүн орнуудын
Ерөнхий ассамблейн дөрөвдүгээр чуулган энэ сарын 4-8-нд Францын нийслэл
Парис хотод болсон. Уг чуулганд оролцсон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний
комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайханд лимбэний битүү
амьсгааг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус
өвийн жагсаалтад бүртгэсэн батламжийг албан ёсоор гардуулсан байна.
Батламжийн эх хувийг Үндэсний түүхийн музейн харьяа Төрийн түүхийн музейд хадгалуулахаар болсон бөгөөд Үндэсний түүхийн музей, Төрийн түүхийн музей болон холбогдох бусад байгууллагад батламж гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр ҮДБЭЧ-д болно. Энэ үеэр лимбэний битүү амьсгааны арга барилыг уламжлан авсан өвлөгч, лимбэчид тоглолтоо сонирхуулах аж.
Лимбэний битүү амьсгааны урлаг буюу “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа”-г Монгол Улс өнгөрсөн онд Индонезэд болсон ЮНЕСКОгийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай зургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцод Монгол Улс 2005 онд нэгдсэн орсон бөгөөд 2008 оноос хойш монгол тууль, бий биелгээ, цуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, морин хуурын уламжлалт урлаг, монгол наадам, хөөмий, бүргэдийн ан, монгол лимбэчдийн уртын дуу хөгжимд өх уламжлалт арга барил-битүү амьсгаа зэрэг соёлын биет бус есөн өвөө ЮНЕСКО-д бүртгүүлээд байна.