
-Форекс гэж юу вэ. Интернэтээр худалдаа хийхийг хэлдэг юм уу?
-Форекс гэдэг нь foreign exchange буюу гадаад валют солих үйл явцыг хэлдэг. Бүр энгийнээр тайлбарлавал “Найман шарга” валют арилжааны төвийн үйл ажиллагааг цаг хугацаа, орон зайн илүү өргөн боломжтойгоор, хүссэн газраасаа интернэт ашиглан хийнэ гэсэн үг.
-“Дукаскопи” банкны зохион байгуулдаг уралдаанд оролцоход ямар нэгэн шалгуур, шаардлага тавьдаг уу?
-Уралдаанд оролцоход онцгой шалгуур байдаггүй. Форексийн талаар мэдлэгтэй, худалдаа хийдэг хэн ч оролцож болно. Хамгийн гол нь насанд хүрсэн байх шаардлагатай.
-Форексийн талаар хэрхэн мэдэж, сонирхох болов?
-Нагац ах маань энэ талаар сонирхож эхэлсэн юм. Өнгөрсөн жилийн зунаас сургалтад хамрагдаж, улмаар жижиг арилжаа хийж эхэлсэн. “Ашигтай арилжаа” сургалтын төвийн захирал сар бүр болдог уралдааны талаар хэлж өгсөн. Үүнд оролцсоноор туршлага суухаас гадна сайн оролцвол шагналтай гэсэн нь үзээд алдахад хүргэсэн. Зарим сард шатаад байхаар гутрах үе ч байлаа. Тэгээд “больё доо” гэж боддог байсан. Гэсэн ч шантралгүй явсаар өдийг хүрсэн. Би ашиг олчихлоо, сайн наймаа хийчихлээ гэж бардамнаж, биеэ тоодоггүй. Учир нь арилжааны үеийн хамгийн чухал, бас аюултай зүйл бол сэтгэл хөдлөл.
-Яагаад?
-Дадлага болон жинхэнэ данс гэж байдаг. Дадлагын дансаар арилжаа хийхэд хүн сэтгэл амар байдаг бол жинхэнэ дансаар худалдаа хийхдээ алдчих вий гэж айгаад зоригтой хөдөлж чаддаггүй. Энд л сэтгэл хөдлөлөө барьж, мэдлэг, бололцоондоо тулгуурлан боломжийг ашиглах хэрэгтэй.
-Хэдий биеэ барих хэрэгтэй ч алдаж, олохдоо ямар нэг эмоц байдаг л биз дээ?
-Нэг тэмцээний үеэр дадлагын дансаар 100.000 ам долларыг “За тэмцээн юм чинь яадаг юм” гээд бүгдийг арилжчихсан. Тэгээд зургаахан мянгатай үлдсэн. Тэр үед “Би юу хийчихэв ээ” гэж амандаа үглээд л хоцорсон. Ер нь инээж, уйлах энүүхэнд шүү.
-Уг уралдаанд дунджаар хэчнээн хүн оролцдог вэ. Мэдэх боломж бий юү?
-Тэмцээнд тогтмол мянга болон түүнээс дээш хүн оролцдог. Интернэтээр явагддаг учраас бусад оролцогч хэдэн захиалгатай байна, ямархуу арилжаа хийж, хэдий хэрийн ашиг олсон зэргийг мэдэх боломжтой.
-Тэднээс өрсөж сэтгэх, ашигтай наймаа хийхийн тулд юу анхаарч ажилладаг вэ?
-Арилжааны хоёр үндсэн арга байдаг. Суурь шинжилгээ, техник шинжилгээ. Миний хувьд хоёр дахийг нь түлхүү ашигладаг. Үүнээс гадна хандлага дагах гэж бий. Би валютаа бага багаар худалдаалж, аль болох үндсэн хөрөнгөө хадгалахыг эрмэлздэг. Форекс бол хамгийн бага хөрөнгө оруулалт шаарддаг, олон хүний анхаарал татдаг онцлогтой зах зээл.
-Уралдааныг хэрхэн дүгнэдэг бол?
-Сарын турш хийсэн бүх арилжааг нэгтгэж үздэг. Нэг өдөр сайн арилжаа хийгээд, маргааш нь муу байх юм бол тооцохгүй. Бүх өдрийн үйл явцыг нэгтгэж дүгнэдэг юм билээ. Зөвхөн “Дукаскопи” банкных гэлтгүй дэлхийн зах зээл дээр олон тэмцээн болдог. Үүнийг жижиг гэхгүй оролцох нь маш хэрэгтэй.
-Арилжаа хийхэд хэр их цаг зарцуулдаг вэ?
-Ер нь чөлөөт цагаараа сууна. Бас тэмдэглэл хөтөлж, алдаа, оноогоо дэнсэлдэг. Сүүлийн үед сонгосон мэргэжлээ сольдог ч юм бил үү гэж боддог болсон. Одоо эдийн засаг, санхүү сонирхох болсон.