Төрийн
албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар ХХААХҮЯ, ЗТХБЯ, Авто тээврийн
газар, Соёл урлагийн хороо, Архангай, Хөвсгөл аймгуудад зохион
байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүн, тэнцсэн иргэдийг
нөөцийн жагсаалтад бүртгэх болон Улсын ерөнхий прокурор асан
Б.Цэрэнбалтав, Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Д.Солонго нарыг
төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн жагсаалд бүртгэх, Сангийн яамны
дэргэдэх Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилох зэрэг асуудлыг
хэлэлцэв.
Архангай, Хөвсгөл аймгийн нутгийн захиргааны байгууллага, ХХААХҮЯ, ЗТБХБЯ, Авто тээврийн газар, Соёл урлагийн хорооны төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх энэ удаагийн мэргэшлийн шалгалтаар 71 ажлын байранд 201 иргэн тэнцжээ.
Тэдний 154 нь туслах түшмэл, 47 нь дэс түшмэлийн ангиллын нөөцөд бүртгэгдэж, хамгийн өндөр оноо авсан нэр бүхий иргэдийг өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэр дэвшүүлэв. Түүнчлэн уг хуралдаанаар Монгол Улсын Тэргүүн шадар сайдын “Сахилгын арга хэмжээ авах тухай” 88 дугаар тушаалыг үл зөвшөөрч, ТАЗ-д хандсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахын гомдлыг хэлэлцсэн юм.
ТАЗ-ийн Маргаан хянан шалгах комисс уг гомдлыг шалгаад Тэргүүн шадар сайдын тушаал хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж, хүчингүй болгохоор тогтов. Тэргүүн шадар сайдын тушаал нь төрийн албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулах хуулийн заалтыг зөрчжээ.