“Нэг барилга барихын тулд 118 албан тушаалтны мутрын үсгийг авч, “виз” даруулна. Өнөөх албан тушаалтнуудын үүдийг сахиж, аргадах гэсээр 480 хоногоо алддаг”. Засгийн газар холбогдох газартай хамтран судалгаа хийсний дүнд ийм аймшигтай дүн олж мэджээ. Барилгын бизнес эрхлэхээр санаа шулуудсан хүмүүс төрийн байгууллагын энэ хүнд сурталд зүрх шантрах үе байдаг биз.
Тэгвэл Та бүхэнд дуулгах таатай мэдээ байна. Одоо нэг барилга барихын тулд туулах “саад” 52 хувиар багасчээ. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цэгцлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын Ажлын хэсэг өчигдрийн хуралдаанд дүгнэлтээ танилцуулсан аж. Үүгээр дээрх гарын үсэг зураачдын тоог 56 болгож цөөлснөөр 182 хоног зарцуулах болгож бизнес эрхлэгчдийн алтан цагийг хэмнэх шийдвэр гаргасан байна.
Зөвхөн барилгын салбар дахь хүнд суртал ийнхүү гаарсан байжээ. Энэ тухай Ажлын хэсгийн ахлагч Шадар сайд М.Энхболд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Ажлын хэсэг зургаан сарын турш ажиллаж, 11 яам 25 агентлагаас ирүүлсэн 337 лицензийг шалгажээ. Ингээд нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгох санал оруулсныг Засгийн газар дэмжсэн байна. Эдгээрийн заримыг хуулиар, заримыг журмаар олгосон аж. Тиймээс журмаар олгосон лицензүүд өчигдрөөс, бусад нь холбогдох 21 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа хүчингүй болох юм байна.
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвш өөрлийн, Авто тээврийн, Кадастрын тухай зэрэг 21 хуульд үүнтэй холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй болж буй гэнэ. Эдгээр хуулийн төслийг Засгийн газар удахгүй УИХ-д өргөн барьж, ондоо багтаан батлуулахаар төлөвлөжээ. Мөн төрийн байгууллагын ажлыг хөнгөвчлөх үүднээс 10 лицензийг төрийн бус байгууллага олгодог байхаар шилжүүлсэн байна. Ийнхүү хүнд суртал багасах хэрээр төрийн ажлын ачаалал ч буурах юм.
Мэдээж иргэдийн цаг, тодорхой зардал ч хэмнэх нь. Эдгээр нь “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”- ийн хүрээнд хийж, бизнес эрхлэгчдээ дэмжсэн олон ажлын нэг гэдгийг Шадар сайд онцлов.