Интернэтийн сүлжээ ашиглан гадаадын валют арилжаа, мөнгө хүүлэх компанийн цахим хуудсанд иргэдийн нэрийг байршуулж их хэмжээний мөнгө залилсан хэргийг УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж байна. Уг хэргийн сэжигтэн хохирогч нартай уулзаад бага хэмжээний 30-50 доллар ямар нэг дансанд хийхийг санал болгодог аж. Тэгэхдээ “Энэ хийсэн мөнгөө өдөрт 1.5-2 хувийн хүү бодогдож өснө” гэж хэлдэг байна.
Хэд хоногийн дараа гадаадын сайтууд руу орж хохирогчийг нууц дугаартай болгож өөрөөр нь мөнгө хийлгэж дансыг нь шалгуулдаг аж. Үнэхээр хийсэн доллар нь өдрийн 1.5-2 дахин өссөн болохоор итгээд их хэмжээгээр хийдэг байна. Нэг хохирогч хамгийн багадаа 1000, түүнээс дээш 3000-5000 доллар Израил, ОХУ, ХБНГУ гээд олон орны мөнгө хүүлэх байгууллагын данс руу шилжүүлүүлдэг аж. Ингээд мөнгө нь хэчнээн хувиар өсөж байгааг хохирогчид харах боломж олгодог бөгөөд хэд хоногийн дараачаас уг сайт нь ажиллахаа больдог аж.
Ингээд иргэдийн мөнгийг залилдаг гэнэ. Ингээд иргэдээс маш их хэмжээний мөнгийг авсан нь тогтоогдож байгаа бөгөөд хохирогчдын дунд өндөр настай хүн ч цөөнгүй байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн холбогдогчийн талаар тодруулахад “Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн тайлбарлаж байгаа. Гэхдээ Интерполоор дамжуулж дээрх улсуудад ийм компаниуд, валют арилжаа, мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тодруулахаар хүсэлт тавьсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан баталлаа.
Тиймээс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн энэ мэт зальт аргаас сэрэмжилж, тэдэнд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Бидэнд олдсон мэдээллээр уг хэргийн сэжигтэн нь компьютер, интернэтийн орчинд ажиллах өргөн мэдлэгтэй нэгэн гэнэ. Түүнийгээ хууль бусаар мөнгө олоход зарцуулж байж болзошгүй аж. Түүний гэм буруутай эсэхийг нь шүүх шийдвэрлэх юм.
Тэрбээр уг мөнгийг гадаадын компаниуд луйвардлаа хэмээн хохирогчдод тайлбарладаг юм байна. Сэжигтэн этгээд 30-50 долларын мөнгөний хүүг бусад хохирогчийн мөнгөөр нөхөж олж байж болзошгүй гэсэн таамаг ч хохирогчдын дунд байгаа юм. Тиймээс хохирогчид “Сэжигтний гэм буруутайг хууль шүүхийн байгууллага эцэслэн тогтоохоос өмнө өөр хүмүүсийг хохироож байж болзошгүй тул иргэдэд сэрэмжлүүлэг болгож энэ мэдээллийг хүргэж байгаа юм” гэлээ.