“Цагдаагийн ар гэрийн холбоо”-ныхон 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээнтэй холбоотой хэргийг дахин шалгаж эхэлснийг эсэргүүцэж байгаагаа өчигдөр зарласан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өнгөрсөн долоо хоногт энэ хэргийг дахин шалгаж, өмнө нь шалгагдаж байсан хүмүүс, цагдаагийн алба хаагчдаас мэдүүлэг авах ажлыг эхлүүлээд байгаа юм.
Үүнийг тус холбооныхон “Энэ хэрэгт холбоотой дарга, удирдлагуудыг нь Өршөөлийн хуульд хамруулчихаад танил тал муутай хэдэн цагдаа нарт хэрэг тохох санаатай байгаа бололтой. Хэрвээ мөрдөн байцаалтыг дахин хийх гэж байгаа бол өршөөлд хамруулсан хүмүүсийг ч шалгах хэрэгтэй. Үгүй бол мөрөөрөө амьдарч байгаа цагдаа нарт хүндрэл учруулж бүтэн өдрөөр байцааж, хийгээгүй зүйлийг нь хийсэн болгох гэж битгий оролд.
Өмнө нь хангалттай байцааж, сэтгэл санааны болоод эд материалын хохиролд оруулчихаад одоо юу асуух гэсэн юм бэ. Дахин шалгах шаардлагагүй” гэв. Мөн байцаах, шалгах ажлаа зогсоохгүй бол тэмцлийн бүх хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн юм.
Дашрамд дурдахад, дээрх үйл явдалд холбоотой цагдаа нарыг саатуулан байцаах үеэр “Цагдаагийн ар гэрийн холбоо”-ныхон Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны гадаа эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.