
-Юуны өмнө ийм сайхан номын сантай болсонд баяр хүргэе. Ажил хэр жигдэрч байна вэ?
-Номоо бүртгэлжүүлэх, зарим нэг дутуу зүйлээ гүйцээх гээд ажил хараахан цэгцрээгүй л сууна. Манайх номын фонддоо нийт 250 нэр төрлийн 2700-гаад номтой. Дүүрэгт 20.000 ном бий. Тэндээс бага багаар номоо татах юм.
-Дандаа шинэ ном харагдаж байна. Бүгдийг нь худалдаж авсан уу?
-Тийм ээ. Ихэнхийг нь дүүргээс бидэнд худалдаж авч өгсөн. Зарим нэг ном хандиваар ирсэн. Дүүргийн төсвөөс санхүүжиж байгаа ч бид ирэх улирлаас бичиг хэрэг, номын худалдаа, интернэт ажиллуулах зэргээр өөрсдөө санхүүгийнхээ асуудлыг шийдэх зорилготой ажиллаж байна.
-Яагаад С.Буяннэмэхийн нэрэмжит болгосон бэ?
-Засаг дарга Л.Амгалангийн санаачилгаар ингэж нэрлэсэн. Д.Нацагдоржийг орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг боловч С.Буяннэмэх ч бас ялгаагүй үндэслэгчийн нэг шүү дээ.
-Бусад номын сангаас ялгарах онцлог юу вэ?
-VIP өрөө буюу кофе ууж тухлан мэдээллээ авах боломжтой танхим нээсэн. Энэ өрөөнд зургаан хүн үйлчлүүлэх боломжтой. Мөн номын санд интернэт үнэгүй ашиглах боломжтой. Манай номын сангийн ойролцоо Төмөр замын дээд сургууль, Барилгын коллеж байдаг болохоор оюутнуудад зориулж номын сандаа инженер техникийн талын ном түлхүү авч төрөлжүүлэх бодолтой байгаа