Монголын
жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гаригт
“Баянгол” зочид буудалд боллоо. Энэхүү нээлттэй хурлаар зөвлөлийн бүтэц,
2011 оны санхүүгийн тайлан, энэ жилийн төлөвлөгөө зэрэг олон асуудал
хэлэлцсэний дотор хамгийн сонирхол татаж байсан нь олимпод амжилт
үзүүлсэн тамирчдад олгох шагнал урамшууллын тухай байв.
МЖБХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр энэ талаар хуулийн төсөл өргөн барих гэж буйгаа өгүүлээд үүндээ олимпийн аваргад 1 сая ам.доллар (эсвэл 1 тэрбум төгрөг), мөнгөн медальтанд 500 мянган доллар, хүрэл медальтанд 300 мянган долларын шагнал олгох, мөн дасгалжуулагч, бэлтгэл хангагчдад урамшуулал олгож байхыг тусгана гэв. Тэрбээр санал нь дэмжигдэх эсэхээс үл хамааран жүдочдодоо энэ хэмжээний шагнал өгнө гэдгээ амлалаа. Үйл ажиллагаа, ажил үйлсээрээ спортын бусад холбооддоо үлгэр жишээ болдог МЖБХ ийнхүү бас нэгэн шинэ санал, санаачилгаар Монголын спортод түрлэг нэмлээ.