Бичлэгийн тоо 3,329
Манай улс эдүгээ дипломат харилцаагүй байгаа НҮБ-ын гишүүн орнуудтай Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байна.
Коморосын Холбооны Улс, Тувалу Улстай энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоосон нь уг зорилтыг хэрэгжүүлэх зүгт хийж буй алхам болов. Чингэхдээ талууд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаар тохиролцов.
Дипломат харилцаа тогтоох тухай холбогдох Хамтарсан албан мэдээнд НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нар гарын үсэг зурав. Ийнхүү манай улс НҮБын гишүүн 157 улстай дипломат харилцаатай болж, хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.