
Ардчилсан хувьсгалын 22 жилийн ой, ардчиллын төлөөх таван нам нэгдэж АН-ыг байгуулсны 11 жилийн ой өчигдөр тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан АН-аас “Цэнхэр хивсний ёслол” зохион байгуулав. 1990 онд эх орондоо тайван замаар ардчилсан хувьсгал хийхэд оролцсон ахмад партизанууд хийгээд залгамжлагчид ардчиллыг илэрхийлэгч цэнхэр өнгөт хивсэн дээгүүр алхсан юм. Гол нь 22 жилийн өмнө уг хувьсгалыг хийж, өнөөдрийг бий болгохын төлөө тэмцсэн ахмадууддаа энэ өдөр хүндэтгэл үзүүлэхийг АН зорьжээ.
Соёлын төв өргөөнд ардчилагчид өчигдөр цуглаж, баярын хурал хийлээ. Тус намаас энэ онд “Монгол хүн-2020” хөтөлбөрийг орон даяар зохион байгуулсан. Энэ талаар АН-ын дарга Н.Алтанхуяг үг хэлэв. Эрдэм боловсролтой, ажил, орлоготой, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдардаг монгол хүн гэсэн таван дэд сэдвийн хүрээнд иргэдийн дунд хэлэлцүүлгийг өрнүүлж, тухайн аймагт тулгамдсан асуудлуудыг тодорхойлсон аж. Мэдээж гарах гарцыг ч хамтдаа эрэлхийлжээ.
Аймаг
бүрийн асуудлыг сонсож, мэдсэнээр амьдралд ойр хөтөлбөр боловсруулах
боломж бүрдэнэ гэж АН-ынхан үзжээ. Мөн тус намын ерөнхий нарийн бичгийн
дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, УИХ дахь бүлгийн
дарга Ч.Сайханбилэг нар үг хэлэв. Ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж,
Сүхбаатарын талбай дээр жагсаж, өлсгөлөн зарлаж явсан, төрийн
удирдлагуудтай хэлэлцээ хийж, хуучин тогтолцоог “түлхэлцсэн” хүмүүсийн
нэг болох Монгол Улсын баатар Э.Бат-Үүл ч тэр үеийг дурсаж үг хэлнэ лээ.
Энэ үеэр хоёр ахмад партизанд АН-ын дээд шагнал болох “Чингисийн одон”
гардууллаа.
С.УУЛ