Чи англиар цэвэрхэн ярьж яг франц хүн шиг дурладаг
Чамд би атаархдаггүй
Би өөрөө өөртэйгөө ярьж өвгөн зөгий шиг цэцэг харж гунигладаг.

Чи индиан шиг архидаж мөхлөөс зугатан америк орныг зүүдэлдэг
Чамд би атаархдаггүй
Би сартай хундага тулгаж өвсний гоо сайхны тухай өөрөөсөө асуусаар үүр цайлгадаг.

Чи итали гутлаар чулуун зам товшилж турк нэхийтэй хөлөрдөг
Чамд би атаархдаггүй
Би нүцгэн хөлөөрөө цэцэгс гижигдэж дээлэн дотроо салхи тээж явдаг.

Чи бид хоёрын даяаршил өөр шүү!
Чамд би атаархдаггүй.