Нулимс бүхэн учиртай
Нуугаад уйлсан ч дусалтай
Сэм сэмээр арчивч
Сэтгэл бүхэн үүлтэй

Мөөмөө эрэн уйлах мөлхөө багын нулимс
Ээжийн минь аргадаж арчсан эрх насны нулимс
Аавдаа алгадуулж уйлсан амьдрал ухаарсан нулимс
Аашных нь сүрд дарагдаж аяндаа татарсан нулимс

Үрээ хараад баярласан үнэн хайрын нулимс
Өөрийнхөө ээжийн ачийг үгүйлэн санасан нулимс
Өнчирч үлдсэн хүмүүний өр өвдөм нулимс
Үхэл бүхний араас эхэр татах нулимс

Өнгө мөнгөний төлөөх өшөө хорсолын нулимс
Өвлийн цас шиг хайрсан цэв хүйтэн нулимс
Өмөлзөн өмөлзөн уйлах миний хүүгийн нулимс
Өхөөрдөл хайр төрүүлэх гэнэн хонгор нулимс

Хань ижилдээ гомдсон хар хорын нулимс
Хайр энэрлийн илчинд хатаж арилсан нулимс
Хайртай бүхнээ дурсаж нутгаа санасан нулимс
Харь холын газраас ганцаардаж унагасан нулимс

Нулимс бүхэн учиртай нуугаад уйлсан ч дусалтай
Сэм сэмээр арчивч сэтгэл бүхэн үүлтэй
Сэтгэл гэдэг угтаа нулимсан дуслуудад хувилж
Сэрүү татуулан бөмбөрөх тайтгарал юм шүү дээ

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар