Манай улс нарны зайн дэлгэц үйлдвэрлэж, Япон руу экспортолж байгаа баярт мэдээг та лав сонссон байх. Техник технологийн өндөр хөгжилтэй, хэр баргийн бүтээгдэхүүнийг хилийнхээ дээс давуулдаггүй тус орон манайд үйлдвэрлэсэн нарны зайн дэлгэцийг импортлохоор болсон гэхээр баярлахын аргагүй. Японд бараа бүтээгдэхүүнээ экспортолсон компани бусад улсад нийлүүлэхэд төдийлэн бэрхшээлтэй биш. Тиймээс тун удахгүй нарны зайн дэлгэцээ Европын орнууд руу экспортлох болсон тухай мэдээг бид сонсох нь лавтай. Олон улсын ISO9001 чанарын стандартыг хангаж, нарны зайн дэлгэц үйлдвэрлэж буй “Санко соолар Монголиа” компанийн үйлдвэрээр уншигчдаа аялуулъя.
15.00 цагийн үед “Санко соолар Монголиа” компанийн нарны зайн үйлдвэрт очиход биднийг цэвэр цэмцгэр орчин угтсан юм. Үүдэндээ компанийнхаа уриа болох “Хятадаас хямд, Японоос чанартай” гэсэн үгийг хаджээ. Ажилчид нь бүгд үсээ далдалсан малгай, цагаан бээлий өмссөн байна. Ажил ид өрнөж байв. Компанийн инженер Д.Одхүү үйлдвэрээ танилцуулахаар биднийг угтлаа. Эл компани өнгөрсөн оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлжээ. Өдгөө 20 орчим ажилтан, ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү үйлдвэр жилдээ 10 мВтын нарны зайн дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Дундаж хэрэглээтэй нэг айл өдөртөө 130 ватт цахилгаан хэрэглэдэг гэхээр 70 гаруй мянган айлыг цахилгаанаар хангах хүчин чадалтай юм. Эл үйлдвэр өдөрт нарны зайн дэлгэц 100 орчмыг үйлдвэрлэдэг байна.
Нарны зайн дэлгэц буюу нарны толины үйлдвэрлэл түүхий эдээ татахаас эхэлдэг. Тус үйлдвэр бү- тээгдэхүүнийхээ үндсэн болон дагал дах түүхий эдийг өндөр чанартай, нарны эрчим хүчний салбарт дэл хийд танигдсан компаниудаас авдаг байна. Тухайлбал, гол түүхий эд болох нарны элементээ Тайванийн “Motech industry”, “Solartech Energy” компаниас импортолдог аж. Түүхий эдээ оруулж ирснийхээ дараа тусгай стандарт бүхий агуулахад хадгалдаг байна. Үйлдвэр нь хэрэглэх нарны элементээ өмнөх өдөр нь захиалж, өглөө нь авдаг аж. Агуулахаас авсан нарны элементээ тухайн өдөртөө ашиглан, нарны зайн дэлгэц үйлдвэрлэх ёстой. Учир нь, нарны толь үйлдвэрлэхийн тулд элементийг задалдаг учраас түүхий эдийг үйлдвэрийн нөхцөлд нэг хоног ч байлгаж болдоггүй аж.
Агуулахаас
авчирсан нарны элементээ баглаа боодлоос нь гаргахдаа болгоомжтой
харьцах хэрэгтэй. Учир нь нарны элемент маш эмзэг. Гар хүрч, үснийхээ
ширхгийг ч унагаж болохгүй. Тиймээс тус компанийн ажилчид бүгд үсээ
далдалсан малгай, бээлий өмсдөг байна. Нарны элементээ савнаас
гаргасныхаа дараа дээжлэн хэмждэг.
Нарны элемент 100 ширхгээр савлагдсан байх ба үүнээс 10-ыг нь тусгай багажаар хэмжиж үзнэ. Хэрвээ ямар нэгэн зөрчил гарахгүй бол нарны элементийг дараагийн дамжлагад оруулдаг. Харин нэг нь л гэмтэлтэй байвал хайрцаг доторхыг нэг бүрчлэн шалгаж, нийлүүлэгч компани руу холбоо барьдаг гэнэ. Нарны элементийг хэмжээд бэлэн болсны дараа цуваанд холбодог.
Хэр хүчин чадалтай нарны толь үйлдвэрлэхээсээ шалтгаалаад цувааны хэмжээ өөр өөр байх аж. 30 вольтын хүчдэл, 230 ваттын чадалтай нарны толь үйлдвэрлэхэд 10 цуваа болох бол 130 ваттын нарны зайн дэлгэц есөн цуваа болох жишээтэй. Цуваанд холбосны дараагаар нарны элементүүд хэмжээний хувьд хэвийн байгаа эсэхийг дахин шалгаж, хянана. Тэгээд хэвийн бол гагнуурын хэсэгт очно. Эл дамжлагын дараагаар дахин хяналт, шалгалт хийнэ. Учир нь гагнах үед нарны элементүүд хагарч, цуурах магадлалтай аж. Доороосоо хурц гэрэлтэй ширээн дээр тавьж, эвдрэл гэмтлийг хянасны дараагаар дараагийн дамжлага руу явуулна. Тэнд цуваануудыг хэд хэдэн эгнээ болгон өрөөд хооронд нь холбоно. Холбохдоо нарны зайн дэлгэцээ нарийхан цуваа хийх үү, зэрэгцүүлээд дөрвөлжин болгох уу гэдгээ шийднэ. Үүний дараагаар хагарсан, эвдэрсэн эсэх, холболтын үед ямар нэгэн алдаа гарсан эсэхийг дахин хянаж шалгана. Үндсэн дамжлагууд явагдахын хажуугаар туслах машинууд тодорхой үүргүүдийг гүйцэтгэнэ. Тухайлбал, нарны тольд орох шилийг туслах дамжлага дээр гурван үе шаттай угааж, өнгөн цэвэрлэгээ хийн хатаана. Холбогдоод гараад ирсэн нарны элементийг сайтар цэвэрлэсэн шилэндээ давхарлан тавина. Үүнийгээ тэд сэндвич хэмээн нэрлэдэг. Үүний дараагаар дэлгэцээ хүрээлэх, цэвэрлэх зэрэг үе шат бий.
Энэ мэтчилэн 16 шат дамжлагыг давсны эцэст сая нарны зайн дэлгэц бий боллоо. Гэвч хараахан бүрэн бэлэн болоогүй байна. Одоо түүнд савлагдаад, худалдаанд гарахад хэд хэдэн хяналт шалгалт үлдээд байгаа юм. Эхлээд тэр өндөр хүчдэлийн эсэргүүцэл шалгах хэмжилтэд орох ёстой. Энэ нь тус нарны зайн дээр аянга буух юм уу, богино холболт, хүчдэл үүсэх үед хэрхэн даах чадварыг нь шалгаж хэмжинэ гэсэн үг. Нарны зайн дэлгэц хамгийн багадаа 70 мега ОМ байх ёстой. Хэрвээ зөвшөөрөгдсөн хэмжээнд хүрсэн бол ISO тэмдгийг наан, дараагийн хяналтад орно. Энэ бол зохиомол нарны үүрэг гүйцэтгэгч өрөө юм. Энд нарны толинд 0.3 миль секундын хугацаанд нарны гэрлийг цацаж, хянаж үздэг. Дэлхийн хэмжээнд нарны гэрлийн стандартыг 1000 ваттаар тооцдог байна. Тиймээс энд 1000 ваттын эрчим цацруулаад тухайн агшных нь гаргаж байгаа чадлыг бүртгэж авдаг аж. Тэгээд эл нарны толины гаргаж байгаа чадлыг хэмжиж тогтооно. Үүний дараагаар “Монголд үйлдвэрлэв”, тэдэн ватт, тэдэн ампер гүйдэлтэй хэмээх шошгыг наадаг. Гэвч савлагдах арай л болоогүй. Одоо хамгийн эцсийн хяналтад орох үлдлээ. Гэвч үүний өмнө цэвэрлэгээнд орох хэрэгтэй. Үйлдвэрлэлийн бүх л дамжлагад цэвэрлэгээ хийж байгаа ч ямар нэгэн байдлаар бохирдох үе байдаг аж. Тиймээс савлагааны өмнө дахин цэвэрлэгээ хийдэг байна. Цэвэрлэгээний дараа тус компанийн чанарын албаныхан тусгай үзлэг шалгалт хийж, нарны толь стандартад нийцэж буй эсэхийг шалгана.
Сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь түүхий эдээ хянаж шалгахаас эхэлнэ
Тэд нарны тольд хэтэрсэн, эсвэл дутсан зүйл байна уу, холболт зөв байгаа эсэх, нарны элемент хагарч уу, үс хялгас орж уу гээд бүгдийг нэг бүрчлэн шалгаж, A, B, C гэсэн үнэлгээг өгснөөр сая савлагааны хэсэгт ирнэ. Энд савлагдаж, бэлэн бүтээгдэхүүний агуулахад ороод хэрэглэгчдийн гарт хүрдэг байна. Нэг нарны зайн дэлгэц үйлдвэрлэхэд ойролцоогоор 20 о рчим минут шаардагддаг аж. 16 шат дамжлага дамждагийг дээр хэлсэн. Гэвч эдгээр дамжлагын дийлэнхийг нь хяналт шалгалт эзэлдгийг та анзаарсан байх. Эл компани тоног төхөөрөмжөө баталгаатай ажиллаж байгаа эсэхийг өдөрт хоёр удаа шалгадаг байна. Өглөө ажил эхлэхээс өмнө болон орой ажил дуусаад дахин шалгаж нягталдаг. Энэ мэтчилэн маш олон хяналт шалгалтыг хийдэг. Олон улсын ISO9001, IEC61215, IEC61730 зэрэг нэр хүндтэй стандартуудыг хангасан учраас тус компани бүтээгдэхүүндээ 15-20 жилийн баталгаа өгдөг юм билээ. Тус компани Япон, Тайванийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг.
Одоогоор бүтээгдэхүүнээ Монголдоо болон Японд экспортлон борлуулж байгаа. Монголдоо ватт тутмыг нь 3000 төгрөгөөр борлуулж байгаа бол Японд 110 иенээр үнэлж байгаа юм билээ. Малчдадаа зориулан 65 ватт болон 130 ваттын нарны зайн дэлгэц үйлдвэрлээд байгаа аж. Эдгээр дэлгэц нь 195.000, 390.000 төгрөгийн үнэтэй. Удахгүй эл компани ОХУ руу бүтээгдэхүүнээ экспортлохоор ярьж байгаа талаар инженер Д.Одхүү хэлсэн. Түүний ярьснаар манайхан тус компанийн нарны зайн дэлгэцийг их сонирхдог ч Хятадынхаас үнэтэй байна гээд тийм ч их авдаггүй аж. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин эх орондоо үйлдвэрлэсэн чанартай нарны зайн дэлгэц хэрэглэхийг тэрбээр малчдадаа уриалсан юм. Монголдоо худалдаалж буй үнээ багасгах талаар ажиллаж буйгаа ч тэр онцолсон. Эл компани гаднаа 10 ширхэг нарны зайн дэлгэц зоожээ. Үйлдвэрлэл явуулахад их хэмжээний эрчим хүч шаардлагатай боловч тус компани цахилгааныхаа багахан хэсгийг ч атугай сэргээгдэх эрчим хүчээр хангахаар ийн туршиж эхэлсэн байна.
Нарны зайн дэлгэц савлахад бэлэн боллоо
Нарны толийг тухайн орон оршин буй нутгийн өргөрөг, бүсээсээ шалтгаалаад тодорхой налуу өнцгөөр тавьдаг байна. Ингэснээр тухайн нарны толь бороо, цасанд гэмтэх бус, харин ч өөрийгөө цэвэрлэж байдаг аж. Учир нь, нарны толь өөр дээрээ цахилгаан ялгаруулж, дулаан бий болгодог байна. Ингэснээр цас тогтдоггүй ажээ. “Хүмүүс нарны зайн дэлгэцийг их л бөх эд шиг санадаг. Гэтэл бидний нүдэнд харагдахгүйгээр хагарал үүсээд өөрийн гаргах хүчин чадлаа алдаж байдаг юм. Тиймээс нарны тольтой болгоомжтой харьцаж байх хэрэгтэй” хэмээн инженер Д.Одхүү зөвлөлөө.
mmmmmmmm