МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, АРДЫН БАГШ Ч.ДАМДИНШАРАВ: ОДОО БИ 50 НАСТАЙСАН БОЛ ИЙМ САЙХАН БОЛОМЖТОЙ ҮЕД ИХ ЗҮЙЛ БҮТЭЭХСЭН
Уншсан 10649 vote 0 2012.12.10 17:09:14 Сочи,
дараа нь Рио-деЖанейрогийн олимп манай тамирчдыг дуудаж байна. Ялангуяа
тамирчид маань зуны олимпод өндөр амжилт гаргадаг учраас дөрвөн жилийн
дараа Бразилд болох наадамд хэрхэн оролцох талаар биеийн тамир, спортын
удирдах байгууллагууд одооноос тусгай төлөвлөгөө боловсруулж,
мэргэжилтнүүд өөрсдийн таамаглалыг дэвшүүлж байна.
Лондонд үзүүлсэн амжилтаа хэрхэн ахиулах вэ? Ингэхэд будант Альбионоос таваас илүү медаль авах боломж байсан уу? Тамирчдын гарыг ганзаганд хөлийг дөрөөнд хүргэдэг чанартай дасгалжуулагч бэлтгэхэд хэрхэн анхаарах вэ гээд л олон асуулт хариулт нэхэж буй энэ үед Монгол Улсын гавьяат тамирчин, “Мехико-1968”-ын хүрэл медальт, ардын багш Ч.Дамдиншаравтай санал бодлыг нь хуваалцлаа.
-Ахмад тамирчин, дасгалжуулагчийн үүднээс “Лондон-2012”-т үзүүлсэн залуучуудынхаа амжилтыг дэнслэх эрх танд байгаа. Аварга төрөөгүй ч авсан медалийнхаа тоогоор дээд амжилт тогтоосон 2012 оны олимпийн талаарх бодлоо хуваалцана уу?
-Шинэ олимпийн циклийг монголчууд удирдлага, зохион байгуулалтын шинэлэг хэлбэрээр эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл яамны бүтэцтэй болсон нь манай салбарыг хөгжихөд дөхөм үзүүлэх нь мэдээж. Гэхдээ бид өмнөх он жилүүдийг мартах учиргүй. Дөрвөн жилийн өмнө олимпийн хошой аваргатай болсон монголчууд Лондоноос таван медальтай ирсэн нь ахиц дэвшил боловч алтан медальтан төрөөгүй нь мэргэжлийн бидний хувьд чамлалттай. Бас таваас илүү медаль авах боломж ч байсан. Өөрөөр хэлбэл, медаль хүртсэн тамирчдын цаана шагналын тавцанд ахиад зогсох 4-5 тамирчин байсан нь нууц биш. Ялангуяа жүдочдоос М.Бундмаа, Х.Цагаанбаатар, П.Лхамдэгд, чөлөөтийнхнөөс О.Бурмаа, Ж.Чулуунбат, боксоос П.Сэрдамба зэрэг тамирчныг нэрлэж болно. Дараагийн олимпоос ард түмэн таваас илүү медаль, тэр дундаа олимпийн гурав дахь аваргыг хүлээнэ. Тиймээс өндөр шаардлага тавигдаж байна гэсэн үг. Үүний тулд удирдах байгууллага бодлогоо гүн гүнзгий, зөв зүйтэй боловсруулах хэрэгтэй. Нэг телевизээр Спортын бодлого зохицуулалтын хэрэгжилтийн газрын дарга Д.Жаргалсайхан “Улсын төсөвт 5 тэрбум төгрөг батлагдсан” гэж ярихыг сонссон. Аль ч олимпийн цикльд төрөөс спортод ийм их хэмжээний мөнгө зарцуулж байгаагүй юм шүү. 1996, 2000, 2004 онд 200, 300 саяд хүрэхтэй үгүйтэй л төсөв батлагддаг байсан хэцүү үе бий. Дэлхийн хэмжээний тэмцээн, цугларалтад явах мөнгө олдохгүй шүү дээ. Харин 2005 оноос хойш төр засаг спортод анхаарч, хэдэн тэрбум төгрөг зарцуулдаг болсон. Харин энэ мөнгийг үр ашигтай, зөв зарцуулж, богино хугацаанд ахмад тамирчдын залуу халааг бэлтгэх асуудал юу юунаас чухал.
-Шижигнэсэн залуу тамирчдыг бэлтгэхэд дасгалжуулагчийн өндөр ур чадвар шаардлагатай. Харин өнөөдөр манай спортод алсын хараатай дасгалжуулагч маш дутагдалтай байх шиг санагддаг...
-Юуны өмнө нэг зүйл онцлоход төрийн нуруунд байгаа ачааг төрийн бус байгууллагаар үүрүүлье гэсэн бодлого зөв. Манай салбарт холбоодыг үр ашигтай ажиллуулах менежментийг удирдах чадвартай хүмүүсийг холбоодод бий болгохыг цаг үе шаардаж байна. Тамирчны амжилт шигшээ багийн дасгалжуулагчаас ихээхэн хамаарна. Өндөр ур чадвартай дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж байгаа тамирчид богино хугацаанд амжилт гаргадаг нь өмнөх олимпийн циклиэс харагдлаа. Тиймээс холбоодоо сайн ажиллуулж, дасгалжуулагчдаа зөв сонгох хэрэгтэй. Аль ч төрөлд дасгалжуулагчдын ур чадвар дутагдаж байгаа нь нууц биш. Тамирчиндаа гологдож буй дасгалжуулагч гэж бодохоор амжилт сэтгэлд багтах уу? Жүдогийн холбооны үйл ажиллагаанаас бусад холбоо үлгэр жишээ авмаар санагддаг. УИХ-ын гишүүн Х.Баттулга холбоогоо зөв менежментээр удирдаж байна. Олимпод оролцож байгаа найм, есөн тамирчдын хэн нь ч медаль авах боломжтой, амжилтын түвшин жигд хэмжээнийх. Хэн нь ч олимпийн медаль авахад гайхахааргүй мундаг менежментээр бэлтгэж байна, тамирчдаа. Жүдогийн тэмцээн бүхэн олимпийн шагналын оноо авдаг болохоор улсын төсвөөс гадна бараг тэрбум төгрөгийг жилд бэлтгэл цугларалт, тэмцээнд зарцуулдаг гэж сонссон. Жүдогоос өөр олон сайн холбоо бий л дээ. Гэвч удирдлага нь бизнесийн салбарынхан учраас хэсэгтээ хөрөнгө мөнгө зарцуулаад л зогсчихдог.
-Чөлөөт бөхийн олимпийн медалийн буухиаг С.Батцэцэг залгасан. Гэвч эрэгтэйчүүд эхний гуравт багталгүй байсаар удлаа. Хатуухан хэлэхэд эмэгтэйчүүдийнхээ далбаан дор яваа эрчүүдийн амжилтын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Манай чөлөөт бөхийн 1960-70 оны шигшээгийн тамирчид яг өнөөдрийн жүдогийн шигшээ багийн дайтай байсан. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад амжилтын түвшин нь буурсныг хүлээн зөвшөөрнө. Харин чөлөөт бөхийн холбоонд өөрчлөлт оруулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд амжилт эрс дээшилсэн. Эмэгтэй бөхчүүдээс дэлхийн аварга, олимпийн медальтан төрлөө. Гэхдээ эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийг салгах нь зүйтэй. Эрэгтэйчүүд олимпийн медаль авалгүй олон жил болсон нь шүүмжлэлтэй хэдий ч 2009 оноос хойш байгуулагдсан шинэ холбоо чадлынхаа хэрээр сайн ажилласныг үгүйсгэж болохгүй. Л.Чинбат ерөнхийлөгч, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж аварга, мөнгөн үеийн тамирчин Х.Баттуул, Б.Болд нар хөрөнгө мөнгө их гаргасны хүчинд медалийн буухиаг залгуулсан юм. Гадаадын мэргэжилтнүүдийн яриагаар Монгол бол бөхийн орон. Авьяаслаг хүүхдүүдийг чадварлаг багшид шавь оруулж, богино хугацаанд амжилт гаргах нь л тулгамдсан асуудал. Үүний тулд дасгалжуулагчаа яаралтай бэлтгэх хэрэгтэй. Манай биеийн тамирын дээд сургуулиуд чавдарлаг боловсон хүчин бэлтгэж байгаа гэдэгт би лав эргэлздэг. АНУ, БНХАУ, ОХУ, Японд бэлтгэгдэж байгаа боловсон хүчин алга. Чөлөөт бөхөөр холын Европод биш юм гэхэд хөрш ОХУ-ын Буриад, Якутск, Красноярскт оюутан суралцахгүй л байна. Хамтарсан бэлтгэл ч цөөн байна.
-Алдартай тамирчин бүхэн сайн дасгалжуулагч болдоггүй гэдэг. Гэхдээ дасгалжуулах эрдэмд дадамгай суралцсан ахмадууд ч бий. Тухайлбал боксын төрөлд Д.Банди багшийн орон зайг хэн ч нөхөж чадаагүй л байна...
-Тийм ээ, Д.Банди, жүдогоос Насаа нар мундаг л даа. Гэхдээ манайхан 60 хүрэнгүүт нь хөгширлөө гээд л хөөх шахам явуулчихдаг. Гэтэл ОХУ-д 78-тай Д.Миндиашвели шигшээ багт шавь нараа бэлтгэн ажиллаж байна. 71-тэй Ю.Шахмурадов ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээг дасгалжуулан, Лондоны олимпоос анхны орос аварга бүсгүйг төрүүллээ. Аль ч орон ахмад дасгалжуулагчдынхаа амьд сэрүүнд нь арга туршлагыг залуучууддаа үлдээхийг чухалчилдаг. Харин манайхан нас ахингуут нь зайлуулахаа боддог. Ер нь ч хот гэж явцууралгүй хөдөөний дасгалжуулагчдыг ч сургах хэрэгтэй байна. Ам нээхээр уушги нээ гэдэг дээ. Манайхан дэлхийн бөхөөс хол хоцрогдоогүй. Харин шинэ дүрэмтэй уялдсан техник тактикийн бэлтгэл хангалтгүй байна. Мөн сургалт нь хэтэрхий европжиж. Үндэсний бөхийн өвөрмөц арга техникээ ашиглаж яагаад болохгүй гэж.
-Лондоны олимпийн барилдааныг тайлбарлаж суухад тамирчдынхаа амжилтад багагүй харуусал төрсөн биз...
-Өмнөх жилүүдийг бодоход найман тамирчин эрх авсан, эмэгтэйчүүд багаараа оролцсон нь ололттой тал. Эрэгтэйчүүдэд медаль авах боломж байсан ч өөртөө итгэх итгэлээр дутчихлаа. Тухайлбал Ж.Чулуунбат.
-МЧБХ дунд, хүнд жингийнхнийг бус хөнгөн жинд голлон анхаарч байгаа нь өрөөсгөл ойлголт биш гэж үү? Үндэсний бөхийнхөн их спортоор дагнаж яагаад болохгүй гэж?
-1970-1980 онд намайг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхад 100 кг жинтэй хүн олддоггүй байсан бол өнөөдөр нэг удаа заалны барилдаанд улс, аймгийн цолгүй 640 залуу зодоглож байна. Тэнд дунд, хүнд жингийн бөхчүүд бүгд байна. Тэднийг урвуулахад их спортын менежмент дутагдалтай байгаа. Үүнд төрийн бодлого зохицуулалт хэрэгтэй. Доод дөрвөн жинд бөх бэлтгэнэ гэдэг буруу л даа. Олимпийн эрх авна гэж байсан 60, 66 кг-ын жингүүдэд олимпийн эрх авах төлөвлөгөө хэрэгжээгүй бол хэний ч санаагүй 84 кг-д О.Үйтүмэн гэж үндэсний бөхийн стилтэй залуу олимпийн норматив биелүүлсэн. Хүнд жинд Чулуунбат маань оролцсон гээд тоочвол бүх жинд тамирчдаа жигд бэлтгэх хэрэгтэй. Үндэсний бөх жамаараа л хөгжиж, холбоо нь мундаг менежменттэй ажиллаж байна. Гэхдээ бодлогоор бөхийн холбоодын тэргүүнүүд уулзаж, дэлхийн хэмжээнд тамирчин бэлтгэх тал дээр гар нийлэн ажиллах хэрэгтэй санагддаг юм. Их спортоор хичээллэж байсан хүүхэд 80 кг хүрмэгцээ сум, аймгийн цол зүүдлээд явчихдаг буруу систем тогтсоор удлаа. Залуучууд их спортод орохгүй байна. Би ноднин хүнд жингийн хүүхдүүдтэй ажилласан юм. Бүгдээрээ жил бэлтгэл хийгээд л зааланд ирэх хүүхдийн тоо цөөрсөн. Учрыг нь асуухад сум, аймгийн цол авмаар байна, багш аа гэж тайлбарлах жишээтэй. Үндэсний бөх сайн хөгжлөө ч саван дотроо. Үндэсний бөхөөр явцуурвал бусад төрлийн бөхийн хөгжил буруу тийшээ эргэнэ. Миний бодлоор аль ч спортод хүүхдүүдийг тэмцээнд оролцуулахдаа аймаг, сумаар нь зарлаж байвал нутгийнхан нь ч, бизнесменүүд ч өсвөр тамирчнаа дэмжинэ дээ. Үндэсний бөхийн барилдаанд нэг давсан хүүхэд мөнгөн шагнал авдгийн адилаар их спортод даваа бүхнийг үнэлбэл хичээллэгчдийн тоо нэмэгдэж, спортын амжилт ахина. Нөгөө талаар хүнд, хагас хүнд жингийн бөхчүүдийн дунд тэмцээн бараг зохиогддоггүй учраас залуучууд бүгд үндэсний бөх рүү хошуурч байна. Гэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, дэлхийн медаль авсан тамирчдад насан туршийн урамшуулал олгосон нь их спортоор хичээллэгчдийн хүрээ тэлэхэд түлхэц өгсөн хэрэг. Цаашдаа олимп, дэлхийн медальтан бэлтгэсэн цөөн хэдэн дасгалжуулагчаа урамшуулбал ажлын идэвх санаачилга улам сэргэх нь дамжиггүй.
-Дасгалжуулагчдыг бэлтгэхийн тулд сургалт семинарийг орон нутагт ч хийх хэрэгтэй гэж та хэллээ. Ингэхэд та өөрөө энэ ажлыг хийж байхдаа номын дуу хэр сонсож байв?
-Ний нуугүй хэлэхэд 15, 16 жил шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажиллахдаа гадаадад нэг ч удаа мэргэжил дээшлүүлж үзээгүй. Гэхдээ үүнд тэгж их харамсаад байдаггүй. Хамгийн гол нь аливаа дасгалжуулагчид тухайн хүүхдийн бие бялдрын онцлогт тохирсон арга техникийг боловсруулах хэрэгтэй.
-Ингэхэд та одоо досгалжуулагчаар ажилласаар байгаа бил үү?
-Ц.Нацагдорж гавьяат бид хоёр 30 гаруй хүүхдийг дасгалжуулж байна. Өнөөдөр манай спортод Нацагаа шиг барилдааны ур чадвар, заах арга сайтай дасгалжуулагч үгүйлэгдсээр байгаа. Зарим нь “Энэ хоёр хөгшин гэртээ халуун хоолоо идэж, телевизээ үзээд суухгүй дээ” гэж бодож магадгүй. Бид бөхдөө хайртай учраас л ингэж яваа. 30 хүүхдээс гурав нь бөх болж болно. Үлдсэн нь ирээдүйд бие бялдрын хөгжил сайтай бүтээлч иргэн хүн болж бэлтгэгдэнэ, чөлөөт цагаа зөв өнгөрүүлж байгаа учраас. Монгол Улсын эдийн засаг хөгжиж, ажиллах, амжилт гаргах орчин бүрдэж байна. Яг одоо би залуу байсан бол, 50 настайсан бол ийм сайхан боломжтой үед их зүйл хийхсэн. Олимпийн бэлтгэлийн үеэр Сумъяабазар, Дагвадорж хоёр маань “Найрамдал”-д чөлөөтийн зургаан дэвжээ дэвсээд иж бүрэн үйлчилгээтэй орчин нөхцөлд тамирчдыг бэлтгэл хийлгэсэн явдал надад зүүд шиг л санагдсан. Их спортод хайртай хүмүүс ингэж байхад Нацагаа бид хоёр яаж зүгээр суух юм бэ? Шавь нартаа тусалж, ганц ч болтугай хүүхэд бэлтгэж өгвөл зүгээрсэн.
-Тамирчнаа аргадаж ажилладаг дасгалжуулагч олон болчихсон юм шиг санагддаг. Энэ нь тамирчдын хөдөлмөрийг үнэлж, дасгалжуулагчдынхыг орхигдуулдагтай холбоотой ч байж магадгүй...
-Сахилга бат, дэг журам хэр сайн байна, тэр хэмжээгээр амжилт ирдэг. Тамирчинд тавих дасгалжуулагчийн шаардлага сул болчихсон юм шиг. Дээхнэ үед дасгалжуулагчийн үг тамирчинд тушаал байлаа. Одоо хэтэрхий найзархаг ч болсон юм уу? Амжилт гаргаад ирэхэд нь тамирчинг магтаж, дасгалжуулагчийг орхигдуулдаг. Аль алинд нь хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Ямартай ч төр засаг эхний ээлжинд тамирчныхаа хөдөлмөрийг үнэллээ. Аль ч оронд дасгалжуулагч өндөр цалин авдгийн адилаар дараа дараагийн үйл ажиллагаандаа тусгах биз ээ.
-Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. 2016 оны олимпод чөлөөт бөхийн хэдэн эрэгтэй тамирчин эх орноо төлөөлөн оролцоно гэж бодож байна даа?
-Миний бодлоор бэлтгэл сургуулилтаа хангалттай хийвэл 2016 оны олимпод чөлөөтийн эрэгтэйчүүдээс таваас доошгүй тамирчин оролцох бүрэн боломжтой.