2005
онд англи хэлнийхээ хичээл дээр “Take me to your heart” дууг
заалгаснаар анх “Michael learns to rock”-той танилцаж билээ. Үг бүрийг
нь цээжилж, дараачийн хичээл дээр дуулж, шалгуулахыг ангиудад
даалгаснаар сургууль даяараа энэ хамтлагийнхантай долоо хоног
нөхөрлөсөн. Тэгэхдээ хожим тэдний амьд тоглолтыг үзнэ чинээ яахан санах
билээ.
Харин “Evento” компанийн урилгаар дэлхийд алдар нь түгсэн хамтлагийн амьд хоолойг сонсох аз монголчуудад тохиов. Хүсэн хүлээсэн мөч минь ойртон буйг мэдрэх тусам улам яарах сэтгэл төрөх ч тэрхэн агшны машины түгжрэл өмнө нь байгаагүй удаан мэт санагдсан.
Баасан гаригийн 19.00 цагт товлосон тоглолт цаг орчмын дараа эхэлсэн. Сүүлд гаргасан “Scandinavia” цомгийнхоо “Renovate me life” дуугаар тоглолтоо эхлүүлж, улмаар “Sleeping child”-аар үргэлжилсэн тоглолтод уянгын дуу зонхилж байгаа тул үзэгчдээс романтик уур амьсгал мэдэрч буйгаа хамтлагийн дуучин Жаша Рихтер хэлсэн.
Харин тоглолтын дунд хэсэгт үзэгчдийн хүсэн хүлээсэн “Take me to your heart”-ыг дуулснаар үзэгчид даган дуулж, тоглолтын уур амьсгалыг задаллаа. Нарийн утгыг нь хэлээгүй ч энэ дуугаа хятад дуу хэмээн тайлбарласан. Тоглолтын үеэр аялан тоглолтынхоо хэсгээс танилцуулж Непал, Индонез дэх аяллынхаа бичлэгийг үзүүлсэн. Тоглолтод ихэвчлэн сүүлд гаргасан дуунуудаа дуулсан учир үзэгчид үгийг нь сайн мэдэхгүй байсан ч “Take me to your heart”, “Sleeping child”, ”Paint me love”, “That’s why” зэрэг дуун дээр танхим даяараа хоолой нийлүүлэн түрлэг нэмсэн. Арав гаруй дууны дараах дуугаа сүүлчийнх хэмээн зарласан нь ямарч тоглолт дуусдагийг мартсан үзэгчдэд таагүй мэдээ байлаа. Дуугаа дуусгаад тайзнаас буухад үзэгчид алга ташин, орилолдож тэднийг дахин тайзан дээр гаргасан. Нэмж гурван дуу дуулахад үзэгчид суудлаасаа босов.
Эцэст нь
хамтлагийнхан “Баярлалаа, монголчууд аа” хэмээн үзэгчдэдээ мэхийн
ёсолж, тоглолт өндөрлөсөн. Сонин содон сюрприз, бүжиг, шоу үзүүлбэр
байхгүй ч тэдний тоглолт жинхэнэ амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлж
чадсан. Үзэгчдийг анзаарвал ихэнхдээ гуч орчим насныхан байсан ба "UB
Palace"- ын танхим дахь 80, 60 мянгын үнэтэй тасалбарын суудал дүүрсэн ч
арын эгнээний 40 мянгын суудал хараахан дүүрээгүйг бодоход манайханд
энэ зэргийн том тоглолт үгүйлэгдэж байсан нь илт. Тоглолтын үеэр янз
бүрийн саатал гараагүй учраас зохион байгуулсан багийнханд үзэгчид онц
дүн тавив. Хоёр үдшийг Монголын фэнүүдтэйгээ өнгөрүүлж, Ази дах аялан
тоглолтоо өндөрлүүлсэн “Michael learns to rock” өнөө өглөө эх орноо
зорьсон.