Монголын
олимпийн боксын холбооны бэлтгэлийн танхим Спортын төв ордонд
байрладаг. Тус танхим олон жилийн ашиглалтын элэгдэлд орж, зайлшгүй
завсарлах шаардлагатай болсон тул холбооны удирдлагууд Эрүүл мэндийн
сайдад хандаж, засварын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн
байна.
Энэ оны эхээр Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нөөц хөрөнгөнөөсөө 100 сая орчим төгрөг гаргаж өгснөөр засварын ажил эхэлжээ. Шинэчлэн засварласан боксын бэлтгэлийн танхимаа боксын холбоо, тамирчид, багш дасгалжуулагчид уржигдар хүлээн авсан юм. Энэхүү ёслол Астанагаас олимпийн эрх хүртсэн Н.Төгсцогт, Б.Түвшинбат нарыг хүлээн авахтай давхцсан юм.
Бэлтгэлийн танхимын нээлтийн дараа БТСГ-ын дарга Ч.Наранбаатар олимпийн эрх хүртсэн боксчид болон МОБХ-ны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр Ч.Наранбаатар дарга Лондоны олимпод манай улсын тамирчид хэрхэн оролцохыг аравнайлсан дөрвөн шагайгаараа мэргэлж суужээ. “Нэг орхисон чинь дөрвөн бэрх буусан шүү” гээд Н.Төгсцогт гавъяатаар шагайг орхиуллаа. Хоёр морь, нэг тэмээ, нэг хонь буухад “Манай Төгсцогт хийморьтой байх нь дээ” гээд боксынхонд амжилт хүсээд, гарын бэлгээ гардуулсан юм. Энэ үеэр бид ОУХМ Б.Түвшинбат, дасгалжуулагч Д.Ганзориг нарын сэтгэгдлийг сонирхлоо.
ОУХМ Б.ТҮВШИНБАТ: ӨМНӨХ АЛДААГАА ДАВТАХГҮЙГ ХИЧЭЭСЭН
Бээжингийн олимпийн эрхийн тэмцээнд амжилт муутай оролцсон. Бараг л эрх авчих шахсан. Оноогоор илүү тоглож байгаад гэнэт хүчтэй цохилтод орчихсон юм. Энэ удаа Астанагийн рингэнд өмнөх алдаагаа давтахгүй хичээж тоглолоо. Олимпийн эрхийн төлөө БНСУ-ын шилдэг боксчинтой тоглосон. Хэн хожсон нь Лондонг зорих байсан тул ёстой нэг үзсэн дээ. Бүх хүчээ шавхан тоглож, ялсны эцэст би үүргээ биелүүлж, өрсөлдөгч солонгос маань нэлээд хэцүү байдалтай үлдсэн дээ. Миний хувьд мөр бага зэрэг зовиуртай байсан тул аваргын төлөөх тоглолтод хүчлэн оролцоогүй. Эхний үед дасгалжуулагчийн шийдвэрээр тоглолтоо зогсоосон.
14
жил бокс тоглосны эцэст олимпод оролцох хүслээ биелүүлсэндээ баяртай
байна. Миний боксын багш гэвэл М.Мөнхжаргал агсан. Тэр хүн миний
амжилтыг тэнгэрээс харж баярлаж суугаа. Миний жинд Казахстан, БНХАУ,
Украин зэрэг шилдэг өрсөлдөгчид бийй. Гол өрсөлдөгчид бүгд эрхээ
авчихсан. Дэлхийн хошой аварга, Казахстаны Серик Сапиевтай 3-4 удаа
тоглож байлаа. Одоо би хурд, хүчний бэлтгэлээ сайтар хангах нь чухал
байна. Манай жингийхэн нуруулаг, хүчтэй тамирчид байдаг. Эрхээ авсан
тамирчдаас хамгийн жижиг нь бараг би байх шүү. Шигшээ багийн ахлах
дасгалжуулагч
Д.ГАНЗОРИГ: РИНГНИЙ ШҮҮГЧЭЭС БОЛЖ ОТГОНДАЛАЙ ХОЖИГДСОН
Астанаг долуулаа зорьж, Лондоны олимпийн хоёр эрх хүртээд ирлээ. Өмнөх олимпийн адил дөрвөн боксчин өрсөлдөнө. Астанагийн тэмцээн туйлын өрсөлдөөнтэй, хүндхэн болсон. Олимпийн эрх олгох тэмцээний нэгийг хассан тул Астанад Азийн улс орнууд бүгд оролцсон гэж болно. Манайхны сугалаа хатуу таарсан. Хятад, Энэтхэгийн хүчтэй боксчидтой нэг хэсэгт орсон Н.Төгсцогт маань хүнд тулаан олныг хийсэн. Олимпийн аварга Э.Бадар-Ууган маань оролцсон бол олимпийн эрх хүртчих байсан. Харамсалтай нь түүний гэмтэл нь сэдрээд болж өгсөнгүй. ОУХМ Д.Отгондайгийн хувьд боломжоо ашиглан сайн тоглосон. Түүнийг нэг их буруутгамааргүй байна. Рингний шүүгчээс болж манай боксчин хожигдсон. Та бүхэн Д.Отгондалайгийн тоглолтын бичлэгийг харсан байх. Хэрвээ шүүгч торгоогүй бол олимпийн эрх хүртчих боломжтой байлаа.
Нэгэнт шүүгч шийдвэрээ гаргачихсан тул бид эсэргүүцээгүй. З.Энхзоригийн өрсөлдсөн 60 кг бол манай боксчин олимпийн наадмаас медаль авчирсан гол жин. Сая Энхзориг эхний тойрогтоо БНХАУын боксчинтой тоглож, ялагдсан. Өнгөрсөн оны ДАШТ-ээс жинд Азийн боксчид олон эрх хүртсэн болохоор үлдсэн ганц эрхийн төлөө Азийнхан тулалдсан юм. З.Энхзориг маань азгүй байлаа. Уг нь тэнцүүхэн тоглосон. Одоо бид олимп эхлэхээс хэд хоногийн өмнө Лондонд очиж, газар орон, цаг ууртай нь дасан зохицно. Эрх хүртсэн дөрвөн боксчин маань олимпийн наадам хүртэл тэмцээнд бараг орохгүй болов уу. Холбооны зүгээс хилийн чанадад хамтарсан бэлтгэл хийлгэх талаар ярьж байгаа.