“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд нийслэлийн Хөдөлмөрийн болон Нийтийн тээврийн газар, “Алтайн хүдэр” компанитай хамтран өчигдөр “Нээлттэй ажлын байр” танилцуулах өдөрлөг зохион байгуулав. Энэхүү өдөрлөгийн хүрээнд уул уурхайн салбарт болон бага, том оврын автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэлээ.
Тэднээс шаардлагад тэнцэхийг нь сонгон шалгаруулж сургалтад хамруулан ажлын байраар хангах юм. Үүнээс гадна нийслэлийн Хөдөлмөрийн газарт аж ахуйн нэгж байгууллагуудаас ирсэн 3200 гаруй ажлын саналыг өдөрлөгт оролцогчдод танилцуулж байлаа.
Говь-Алтай аймгийн Цээл суманд байрладаг “Алтайн хүдэр” нь Монголын үндэсний хөрөнгө оруулалттай, уул уурхайн компани бөгөөд уул уурхайн боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компани уг өдөрлөгт оролцож, захиргаа, тээврийн хэлтэс, харуул хамгаалалтын алба, техник үйлчилгээ засварын хэлтэс, зам ангидаа шаардлагатай 296 ажлын байрны захиалгыг танилцуулав. Харин НТГ-ынхан “Тэнүүн-Огоо”, “Эрдэм транс”, “Сутайн буянт”, “Автобус нэгдэл”, “Сайхан ирээдүй” зэрэг 26 компанид том оврын автобусны 256 жолооч сонгон шалгаруулж авах ажээ.
НТГ-ын сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Алтанцэцэг “Том оврын автобусны жолоочид тавих үндсэн шаардлага нь 21-ээс дээш насны, гурваас доошгүй жил D ангиллаар жолоо барьсан, жолоодох ур чадвар сайтай, харилцааны соёлтой байх ёстой. 2008 оны наймдугаар сарын 8-наас өмнө D ангилал авсан жолоочоос мэргэшсэн жолоочийн шалгалт шууд авна. Харин үүнээс хойших үеийн жолооч нар мэргэшсэн жолоочийн 21 хоногийн буюу 116 цагийн курст суралцаж байж шалгалтаа өгнө.
Мэргэшсэн жолоочийн курсийн төлбөр 160 мянган төгрөг. Энэхүү сургалтаар тээвэрлэлт, зорчигч тээвэр, замын хөдөлгөөн, зан харилцаа гээд их хотын замын хөдөлгөөнд оролцон, олон хүний амь насыг хариуцах жолооч нарт зайлшгүй хэрэгтэй зүйлийг сургадаг” гэлээ. Сүүлийн үед жолооч, кондукторуудын ур чадвар, зан харилцаа доголдон, осол зөрчил их гаргах болсон
. Тэдэнтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын 323176, 326352 утсаар мэдээлж болно. “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцогч Н.Базаргүр “Ах нь 54 настай, 32 жил тээврийн жолооч хийлээ. Сүүлийн арваад жил уул уурхайд хүнд машин механизм барьсан ч нас яваад ачаалал нь арай л чангадаад байна. Ийм сайхан арга хэмжээ зохиосныг мэдээд яаран ирлээ.
Ажлаа ч олчих шиг боллоо. Миний хувьд “Автобус-1” компанид жолоочоор орох сонирхолтой байна. Учир нь би энд өмнө нь ажиллаж байснаас гадна бүх парк нь шинэчлэгдсэн, улсын найдвартай компани” гэж ярив. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн автобус компаниудад 1347 жолооч ажиллаж байна. Ээлжийн болон нөөцийн жолооч бэлэн байлгах үүднээс 256 хүн нэмж авах шаардлагатай байгаа аж.