Автобусаар зорчих тасалбарын үнийг наймдугаар сарын 1-нээс 400 төгрөг болгохыг Засгийн газар зөвшөөрсөн. Гэтэл том оврын автобусууд өчигдрөөс тасалбарынхаа үнийг нэмлээ. Хугацаанаасаа өмнө яагаад үнэ нэмснийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын ажилтан Б.Баттулгаас тодруулахад:
-Нийтийн тээврийн үйлчилгээний бүх чиглэлийн том оврын автобус тасалбарынхаа үнийг өнөөдрөөс нэмж, том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр зорчуулахаар боллоо. Засгийн газраас үнэ нэмэх шийдвэр гарч, ЗТБХБЯ, нийслэлийн Засаг даргад албан тоот хүргүүлсэн. Энэ дагуу үнээ улсын автобус нэмж буй юм.
-Ирэх сарын 1-нээс үнэ нэмэх шийдвэр гарсан шүү дээ?
-Долдугаар сарын 29-нөөс нэмэхээр болсон гэсэн. Харин микроавтобусууд зорчигчийг 500 төгрөгөөр тээвэрлэнэ. Троллейбус хуучин тарифаараа буюу том хүнд 200, хүүхдэд 100 төгрөгөөр үйлчилнэ.