БНСУ-ын Сөүл хот болон тус улсын хойд хэсэгт энэ сарын 27-28-нд их хэмжээний хүчтэй аадар орж, үер бууснаас 50 гаруй хүн амиа алдан, олон иргэн хүнд гэмтжээ. Энэхүү байгалийн аюулт үзэгдэлд өртөн амиа алдсан хүмүүсийн дотор Монгол Улсын хоёр иргэн байжээ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодрууллаа.
-Монголын хоёр иргэн амиа алдсан нь үнэн үү?
-Үнэн. Энэ сарын 27-ны өдөр БНСУ-ын Чунчон хотод болсон үерт Монгол Улсын хоёр иргэн живсэн гэдгийг тус улсын Цагдаагийн газраас албан ёсоор мэдээлсэн. Манай Консулын газраас холбогдох бүх арга хэмжээг авч байна.
-Амиа алдсан монгол иргэдийн талаар мэдээлэл байна уу?
-Тэдгээр иргэний талаар бүрэн мэдээлэл өгөх арай эрт байна. 1979 онд төрсөн Д, 1993 онд төрсөн У нар харамсалтайгаар амиа алдсан. Хоёулаа эмэгтэй. Өчигдөр өглөө ар гэрийнхэн нь БНСУ-ыг зорьсон.
-Цогцсыг нь хэзээ, яаж авчрах юм бол?
-Энэ бол ар гэрийнхнийх нь хувийн асуудал. Өөрсдөө хэрхэх хүсэлтэй байна түүгээр нь шийднэ. Юутай ч Сөүл дэх Монголын ЭСЯ болон манайхаас шаардлагатай бүх арга хэмжээг авч, туслалцаа үзүүлнэ. Цаашид гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэддээ байгалийн болзошгүй аюул ослоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг сануулж байна.