Манай орон далайд гарцгүй ч өдгөө
далай тэнгист Монголын далбааг мандуулсан 300 гаруй хөлөг онгоц ачаа,
бараа тээвэрлэдэг. Мөн дотоодын далай, гол, мөрнөөр 120 гаруй усан онгоц
улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг билээ. Монгол Улсын Засгийн
газар болон Далайн захиргаанаас далайд гарцтай орнуудтай хамтран
ажиллаж, өөрийн нэр дээр хөлөг онгоц, цаашлаад боомттой болох талаар
ярьж эхэлсэн хэмээн Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Галсандондог
ярьсан юм.
Мөн дотоодын усан замын тээврийн үйл ажиллагааг сайжруулахын тулд мэргэжлийн боловсон хүчнээр хангах шаардлагатай байгаа бөгөөд 100 гаруй хүнийг БНСУ-ын Их сургуульд далайн мэргэжлээр суралцуулахаар холбогдох байгууллагуудтай зөвшилц өөд байгаа аж. Энэ талаар Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Галсандондогоос тодрууллаа.
-Хэдэн хүнийг ямар мэргэжлээр БНСУ-д суралцуулах гэж байгаа юм бэ?
-Японы “Жайка” байгууллагын төслөөр манайхаас далайн инженер, тээврийн хяналт, зохион байгуулалт болон далайчин зэрэг мэргэжлээр ойролцоогоор 100 хүн БНСУ-ын Их сургуульд, Сингапурт 10 гаруй хүн суралцуулахаар яригдаж байна. Яг тодорхой болоогүй ч нааштайгаар шийдэгдэнэ гэж бодож байгаа. Эхний хоёр хүн хөлөг онгоц жолоодогчийн мэргэжил эзэмшихээр явсан.
-Далайд гарцгүй, ажлын байргүй байхад далайн мэргэжилтэн бэлтгэх шаардлага бий юү. Өмнө нь далайн чиглэлээр гадаадад суралцсан хүмүүс одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
-Манайх далайд гарцтай болох бүхий л боломжит арга, хэлэлцээрийг хийж байгаа. БНСУ, Сингапур, Япон гээд далайд гарцтай орнууд манайхтай хамтран ажиллах сонирхол их болсон. Тиймээс манай залуус энэ чиглэлийн мэргэжлийг эзэмшихэд буруудах юм байхгүй. Хэрвээ энэ хэлэлцээр амжилттай болж, хүмүүс суралцахаар явбал тэдэнд маш том боломж нээгдэнэ гэсэн үг. Магадгүй тун удахгүй Монголын гэх боомттой болж, тэд хөлөг онгоцоо эзэмших ч юм билүү. Далайн мэргэжил эзэмшиж, ОХУ-д сурч төгссөн хүмүүсийн ихэнх нь Хөвсгөл болон бусад усан тээвэр эрхэлдэг гол, мөрөнд ажиллаж байгаа. Цөөн тооны хүн хувиараа ажиллаж байгаа гэж байсан.
-Сургалтын төлбөр болон бусад зардлыг суралцагч өөрөө гаргах уу?
-Хэлэлцээр амжилттай болвол БНСУ-ын Засгийн газраас бүх зардлыг даана.