Саяхныг
болтол бид Цагаан сарын барилдааныг дурсаж, тоо баримт дурдахдаа начин
цолтнуудын цойлсныг онцолдог байсан бол одоо улсын цолгүй бөхчүүд
дээгүүр барилдах нь тохиолдлын амжилт биш болжээ. Өнгөрсөн жил цэргийн
хурц арслан Ч.Санжаадамба улсын цолгүй бөхчүүдээс анхлан сар шинийн
барилдааны түрүүг авсан бол Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат,
“Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 0142-р анги, “Жавхлант” дэвжээ,
“Энгүй тал” ХХК, “Монгол Трейдинг” компанийн бөх, аймгийн хурц арслан
Шарын Мөнгөнбаатар энэ амжилтыг үргэлжлүүлэв.
1990 оныг хүртэл Малчдын баяр нэртэй байсан сар шинэд зориулсан барилдаан 1963 онд анх зохиогдсон. “Бага наадам” хэмээгддэг сар шинийн барилдааны түүхэнд энэ жилийнх шиг шөвгөрсөн бөхчүүдийн тэн хагас нь улсын цолгүй залуучууд байсан тохиолдол үгүй. 1973 оны цагаан сараар 104 хүчтэн зодоглоход шөвгийн 13 бөхийн зургаа нь улсын цолгүй байсан нь энэ жилийнхэд хамгийн ойр дөхөж очих үзүүлэлт юм. 1971 онд тав, 1972, 1998, 2010 онд дөрвөн улсын цолгүй бөхийн төлөөлөл шөвгийн 16-д багтаж байжээ.
Гэхдээ тэр жилүүдэд аймаг, цэргийн цолтнууд ийн олноороо шөвгөрсөн ч дараагийн даваанд тэднээс бараг л үлддэггүй байв. Харин энэ удаа улсын цолтой болон цолгүй бөхчүүдийн тооны харьцаа үзүүр, түрүүний барилдааныг хүртэл тэнцүү байсан нь онцлох баримт билээ. Хоёрдугаар сарын 2-нд болсон “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй 256 (улсын арслан гурав, гарьд хоёр, заан ес, харцага найм, начин 46, аймаг, цэргийн арслан 85, заан 36, харцага 12, начин 54) бөх хүч үзлээ.
Улсын арслан Д.Азжаргал, харцага Ө.Даваабаатар, начин Ц.Содномдорж нарын шөвгөрөх тооцоонд зайлшгүй орох бөхчүүд гэмтлийн улмаас сар шинийн барилдаанд зодоглосонгүй. Энэхүү барилдааны нэгийн даваанд у.н И.Ёндонсамбуу а.н Ц.Бямба-Очирт, у.н С.Ганхуяг а.н Гэ.Ганзоригт, у.н Ш.Зоригт а.н Д.Энхбаярт, у.н Д.Пэрэнлэйдорж а.н Д.Болдбаатарт, у.н Ж.Алтансүх а.н Ц.Чимэддоржид, у.н Р.Ганхуяг а.н Н.Батсуурьт, у.н Д.Ганбат а.н Т.Хайдавт, у.н Л.Гантулга а.н З.Наранбаатарт, у.н Ж.Оргил а.х Э.Ванданцэрэнд, у.н Н.Батзаяа а.х Ч.Ганзоригт, у.н Б.Заяамандах а.з Т.Баасанхүүд тус тус өвдөг шороодсон.
Удамт бөх-Ирээдүйн аварга
Даян аварга А.Сүхбат сар
шинээр “Ирээдүйн аварга” нэртэй шагналыг уран дайчин барилдаанаараа
шуугиулж, улсын цолтнуудыг хазайлгасан өсөх ирээдүйтэй залуу бөхийг
сонгон олгодог болоод цөөнгүй жилийн нүүрийг үзэж байна. Урьд нь энэхүү
шагналыг харцага Ө.Даваабаатар, начин Ц.Содномдорж, цэргийн арслан
Ч.Санжаадамба, аймгийн заан Б.Ганзориг нар хүртэж байсан бол энэ удаа
улсын начин Ж.Гилэгийн ач, улсын харцага Г.Намсрайжавын хүү, аймгийн
начин Н.Батсуурь гардлаа. Сар шинийн барилдаанд зодоглосон хоёр гарьдын
нэг Н.Ганбаатарыг хоёрын даваанд хазайлгасан тэрбээр дараагийн даваанд
залуу начин Ж.БатЭрдэнэд амлуулаад орхив. Улсын цолгүй 13 бөх гурав
давснаас хамгийн бага эрэмбэтэй нь болох Н.Батсуурь даян аварга
Г.Өсөхбаяртай оноолтоор таарсан бөгөөд тахимдахад нь дагуулж мушгиад
өндөр аваргыг өвдөг шороодуулсан. Харин тавын даваанд өмнөх жилийн сар
шинийн барилдааны түрүү бөх Ч.Санжаадамбатай таарч, тохой сөхөж суугаад
хариу мэхэнд орж унасан. Аймгийн начин Н.Батсуурь өвөө, аав, авга ах
нарынхаа цолд хүрэх авъяастай, чадвартай гэдгээ ганц энэ барилдаанаар
харуулаагүй болохоор даян аваргын шагнал нүдээ олсон сонголт байлаа.
Түүнчлэн “Улаанбаатар хивс” ХК-иас “Цахиур хагалах бөх” уламжлалт
шагналаа Баянхонгор аймгийн арслан Ж.Чулуунбатад гардуулсан бол УИХ-ын
Л.Гүндалай “Улсын цолд ойрхон бөх”-ийн өргөмжлөлөө долоогийн даваанд
тунасан аймгийн арслангуудын хэн давсанд нь олгоно хэмээн амлаж байгаад
түрүүлэх хувьтай Ш.Мөнгөнбаатарт өгсөн билээ.
Залуучуудын шуурхай барилдаан
Ямарваа заал, танхимын
барилдаанд шөвг өрсөн бөхчүүдийн дийлэнхийг улсын заанаас дээш цолтнууд
бүрдүүлдэг. Нэгийн давааны төгсгөл болон хоёрын даваанд хоорондоо таарч,
гал гарсан барилдаан олныг үзүүлдэг залуу харцага, начингууд, улсын
цолгүй бөхчүүд даваа ахих тусам цөөрөхийн хэрээр барилдааны хэмнэл
удааширдаг нь биесийнхээ алхах, гишгэх, атгах, түлхэхийг А, Б-гүй мэддэг
болсон том цолтнууд тунан үлдсэнтэй холбоотой юм. Энэ жилийн сар шинийн
256 бөхийн барилдаан тун шуурхай болж өндөрлөсөн нь дээр өгүүлсэн
тайлбарын нэг баталгаа болох болов уу. Үндэсний спортын холбоод бар
жилийн манлай шилдгүүддээ шагнал гардуулах зэргээр даваа хоорондын цаг
авсан үйл ажиллагаа нэг биш болсон ч барилдаан 20.10 цаг гэхэд хэдийнэ
шувтарсан байв. Шөвгийн 16 бөхийн барилдаан 19.20 цагт эхэлсэн бөгөөд
19.35 гэхэд энэ даваанд хамгийн сүүлд учраа бөхөө орхисон Х.Мөнхбаатар
арслан туг тойрч байсан юм. Бөхчүүдийн удаан тулсныг тодотгох үзүүлэлт
барьц сонгосон барилдаан зургаагийн даваанаас хойш нэг ч гараагүй нь энэ
жилийн сар шинийн барилдааны нэг онцлог байлаа.
Улсын наадам, цагаан сараар түрүүлсэн бөх 12 бий
2007 оны улсын наадмын
түрүү бөх Х.Мөнхбаатар улсын наадам болон сар шинийн барилдаанд хоёуланд
нь түрүүлсэн 13 дахь бөх болох боломжоо Ш.Мөнгөнбаатарт унаснаар алд
сан. Малчдын баярт зориулсан анхны барилдаанд (1963 он) түрүүлсэн хожмын
дархан аварга Ж.Мөнхбат заан тэр жилийнхээ улсын наадамд тахим өгөлгүй
торойж байсан бол энэхүү амжилтыг нь Х.Баянмөнх, Д.Дамдин, С.Цэрэн,
Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат,
Д.Сумъяабазар, Г.Өсөх баяр аваргууд, отгон арслан Б.Ганбат нар давтжээ.
Өрсөлдөгчөө тэр бүр хүлээж зогсолг үй, өөрөө урагш алхаж, өрсөж мэх хийх
санаачилгатай байдгаараа том цолтнуудын дундаас онцгойрдог Х.Мөнхбаатар
арслан “Аварга” БТДС-д нэгэн үе хамт суралцаж байсан аймгийн хурц
арслан Ш.Мөнгөнбаатарын дархан зүүн хөмрөөг нь хорьж дөнгөсөнгүй.
Сүхбаатар аймгийн наадамд хоёр удаа түрүүлсэн Ш.Мөнгөнбаатар дөрвийн
даваанд харцага Л.Пүрэвжавыг толгойгоо уургалуулсан хүнд байдлаас хөлийг
нь авч, дэрлэж дараад, тавын даваанд өсөх идэх начин Т.Өсөх-Ирээдүйг
барьцанд шунаж сунахад нь зүүн тохоод давсан бол зургаагийн даваанд
харцага Ө.Бат-Оршихыг солгой хөмрөөг даацтай хийж догонцуулсаар доороо
оруулсан. Улмаар их шөвөгт аймгийн арслан Ж.Чулуунбатыг баруун тахимдаж
дайрахад нь цээж зөрүүлж муриад давсан билээ.
Үүргээ умартсан хэв журмынхан
Гадаадын спортын байгууламжуудад сэтгүүлчдэд зориулан бараг 1/4-ийг нь эзэлсэн суудлыг бэлтгэсэн байдаг билээ. Харин манайд энэ нь эсрэгээрээ. Тухайн үйл ажиллагааг олон түмэнд хүргэж, мэдээлэх үүрэгтэй хэвлэлийнхэнд үзэгчдийн дунд “шингэж” байж ажлаа хийх боломж олддог. Ямарваа уралдаан тэмцээн, арга хэмжээг зохион байгуулагчид ордныхоо суудлын тооноос давсан тасалбараа борлуулахыг л бодохоос тэр суудлынх нь тодорхой хувийг тусгай хэрэгцээнд зориулах ёстойг умартдаг муу талтай. Үүний улмаас хэв журам сахиулагчид болон хэвлэлийнхний хооронд үл ойлголцол, зөрчил үүсэх нь бий.
Өнгөрөгч сар шинийн барилдааныг сурвалжилсан бидэнд мөн ийм бэрхшээл тулгарав. Тааварлашгүй барилдаан олон гардгаараа үзэгчдийг соронзон мэт татдаг Цагаан сарын барилдаанаар Бөхийн өргөө суух байтугай зогсох ч газаргүй болтлоо дүүрдэг билээ. Тиймээс бид Бөхийн өргөөнд эртлэн очиж тухалсан юм. Бүх барилдаан саадгүй харагддагаар нь хамгийн арын эгнээнд суугаад хэн хэрхэн хүч үзэх бол хэмээн таавар хэлэлцэж байхдаа цагдаагийнхан үзэгчдэд хэрхэн дээрэнгүй хандаж, бүр заамдаж түлхэхдээ хүрч буйг анзаарахгүй байж чадсангүй.
Нэгэнт суудлаа эзэлсэн хүнд яагаад заавал хэдэн эгнээний ард очих шаардлага тавиад байгааг үл ухан суух (тасалбарын дугаараар нь суулгаагүй нь лав) бидэн дээр төдөлгүй нэгэн ахмад ирж, нэлээн дээрэнгүй өнгөөр “Суудлаа чөлөөл” хэмээв. Хамгийн ард байсан бид яагаад энд сууж болохгүйг, мөн чөлөөлөх шаардлагатай бол өөр хаана очиж болохыг асуутал өнөөх ахмад “Ер нь та нар Бөхийн өргөөнд байх шаардлагагүй. Олон юм яриад байвал хорьчихно шүү” хэмээн дөвчигнөв.
Улмаар “Энд хэдэн залуу цагдаагийн биед гар хүрлээ. Нэмэлт хүч...” гэх мэтээр сүрийг үзүүлэх аж. Хэнд ч саад болоогүй, ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй бид түүний энэ үгийг сонсоод дэмий л биесээ гайхан харж, дахиад юм хэлбэл хилсдэж мэдэх нь хэмээн эмээж зогссон юм. Өмссөн хувцсандаа эрдэж, омогдож аархан ийн авирлах, энгийн нэг эргүүлийн цагдаа биш, их сургууль дүүргэсэн энэ мэт офицерууд цагдаагийн сүр хүч, бахархлыг үзүүлэхээсээ илүү байгууллагынхаа нэр хүндийг унагаж байна гэдгээ ухаарахгүй байгаа нь харамсалтай. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулахын төлөө зүтгэх ёстой цагдаагийнхны зарим нэг нь энэ үүргээ умартаж, захирагч, дарангуйлагч байдлаар ажиллавал дэг тогтоохоосоо илүү эмх замбараагүй байдал үүсгэх магадлалтай гэдгийг ойлгоосой.
Ж.БАТМӨНХ