Гадаадын иргэдийг түр саатуулах байрыг нийслэл болон Замын-Үүдэд барьж эхлээд байна. Гадаадын иргэн харьяатын тухай хуулийн дагуу энэ хоёр байрыг барих болсон бөгөөд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр улсын төсвөөс хөрөнгийг нь гарган барьж байгаа гэж ГИХАЭГ-ын дарга Д.Мөрөн ярилаа.
Нийслэлд барьж буй барилга нь Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн дэнжид тус газрын дэргэд байх бөгөөд тэнд саатуулах байр болон биеийн тамирын танхимын хамт барих юм. Харин Замын-Үүд дэх байр нь гурван давхар, ажилчдын орон сууц, албан контор, түр саатуулах байр хамтдаа юм байна.
Долоон баллын газар хөдлөлтөд тэсвэртэй түр саатуулах байрууд энэ онд ашиглалтад орно. Түр саатуулах байрыг Гаагийн конвенцийн дагуу олон улсын жишгийн дагуу барьж, хэн болох нь тодорхойгүй, бичиг баримтгүй, хорихоос суллагдаад дахин гэмт хэрэгт холбогдож болзошгүй, ямар байгууллагын шугамаар ирсэн нь тодорхойгүй хүмүүсийг хуулийн дагуу тэнд саатуулах аж.