
Шинэ жилийн чимэглэлт гацуураа хурааж, баяр ёслолын хэмнэлээс хэвийн дэглэмд шилжин амьсгаа дөнгөж дарагдаад байтал билгийн тооллын хаврын тэргүүн сар хаяанд ирчихэж. Хадаг дэлгэн золгодог монгол чуудын уламжлал эдүгээ мөнгөн дэвсгэрт зөрүүлдэг “бартер” маягийн мэндчилгээ болоод буй. Золгох ёсон энэ цагт эдүгээчлэгдэхдээ эхний хувилбарыг эргэн сэргээх аргагүй өөрчлөгдсөн.
Золголтыг 20 мянгатын, 10 мянгатын гэхчлэн төгрөгийн дэвсгэртүүдээр 4-5 ангилж болохоор олон янз болж, нэр төрөл нь олширч ч байх шиг. Сүүлдээ бүр ам.доллар, еврогийн томоор золгож, цагаан сараа “мөнгө санхүүгийн даяаршлын баяр” болгож мэдэхээр л байна шүү. Энэ ч бага хэрэг, хөөрүү шинэ монголчууд аавыгаа саятын чекээр “зодоод” эхэлбэл маниус яадаг хэрэг вэ?
Жил жилийн Цагаан сараар “мөнгө барьж золгохоос татгалзъя”, “золгуутаар ирсэн хүмүүсийг Эрээний бараагаар хулхидахаа больчихъё” хэмээн ахмадууд өөр зуураа тохирч, хүүхэд залуустаа захидаг. Үүдээр нь оруут харцаараа нураад л, хошуугаа дэвсэн угтах аав шиг авга, ижий шиг нагацаа харахаар шалавхан хэтэвчээ тэмтэрнэ. Хөгшдийн тохироо ийнхүү лав л сүүлийн 20 удаагийн Цагаан сараар биелж байсан удаагүй л юмдаг. Орчин цагт хадагны үнэ цэнийг мөнгөнөөс дор оруулсан ахуйн хийгээд шашны зан үйл газар авч байна.
Гудамжинд ч, гуу жалганд ч хөглөрч байдаг хадаг барьснаас дэвсгэрт дэлгэж золгохыг хамаагүй хүндэтгэлтэйд тооцдогоос ёс уламжлал өөрчлөгдсөн биз ээ. Хадаг гэдгийг хаа сайгүй хад, модонд өлгөхийг зөвшөөрсөн буруу жаягаас үүдэн мэндийн цэнхэр утгаар нь эдэлж заншихгүй л явна. За, тэгээд “бартердан” мэндэлдэг юм байж. Золгоно гэж үнсэлцдэг аюул бол аймаар, авраарай.
Леонид Брежнев социалист орны төрийн тэргүүн эрчүүдтэй учран золгохдоо тэврэлдэн үнсэлцдэг байсан туршлагыг нь манайхан “малчны цагаан”-даа шууд хуулсан. 50- иад жилийн өмнөөс амьдралд аандаа нэвтэрсэн зөвлөлт маягийн “тачаангуй” үнсэлтийг орчин цагийн Цагаан сарын золгох ёсноос бүрмөсөн халж, залруулмаар л санагдана. Ханиадны учир бүдүүлэг нян шүлсээр үтэр тарах вий…
Мянган буузны мах, гурил зэхэж, айраг цагаа, бэлэг сэлтийн ая бодсон яаруу төлөвлөгөө айл өрхийг шавдууллаа. Авга, нагацуудын хэн алины өмнө барьц алдахааргүй баярлалдан золгох Цагаан сарын төсөв гарахад гэрийн эзэд магнай доорх хөмсгөө бэлгэ дэмбэрэл бодон арайхийн үл атируулмой.
Хамгийн багаар бодоход сая төгрөгөөр зөвхөн ууш зууш бэлдэж, настнуудад барьж золгох болон гийчдийн гар дээр тавих бэлгэнд бас нэг сая, уржнангийн цаад жил оёулсан дээл, малгайгаа шинэчилнэ гэвэл бүр хэд нугаран талийх тооцоо данхийв. “Сүүлийнхийг нь энэ жилдээ больё доо” гэлцэнэ.