Миний ээжийг бүүвэй аялахад
Мэнэнгийн талд янзага цахилж
Хулангийн унага зэргэлээнд уралддаг
Миний ээжийг бүүвэй аялахад
Мичид зургаа хөл хүндэрч
Шанага долоо сүүгээр ивэлдэг
Миний ээжийг бүүвэй аялахад
Минжийн хангайд гөрөөс ихэрлэж
Мэрэг төөрч цагаан арслан буудаг
Миний ээжийг бүүвэй аялахад
Минж булга хөеөндөө хөрвөөж
Мэхээрэнд цадсан майга бор зүүрмэглэдэг
Миний ээжийг бүүвэй аялахад
Уртын дуу талд өртөөлж
Уулс хөөмийлж,үүлс уйлдаг
Миний ээжийг бүүвэй аялахад
Уургандаа цадсан хурга хөгнөндөө зүүдэлж
Усандаа цувсан ингэ ботгондоо яардаг
Миний ээжийг бүүвэй аялахад
Уурганы хуйв ханын толгойд эрч орж
Уяж хоносон хүлэг морь үүрсдэг
Миний ээжийг бүүвэй аялахад
Хэнгэрэг цан өөрөө дуугарч
Хээрийн боохой эрүү нь зуурдаг
Миний ээжийг бүүвэй аялахад
Эрлэгийн элч замаасаа буцаж
Эцгийн голомтонд хүү мэндэлдэг.
2011 , 2,12 seoul, korea, menmug dun