Мэнд- Ооёо     Хүлээж буй ээж

Өлөн бор хамхуул үүрийн хяраанаас бөмбөрсөөр
Өглөөн хөхвөр туяанд бөн бөн хөвөхийг үзлээ
Танил гар шиг салхинд чинь хацараа алгадуулж зогслоо
Тал ээж хоёртой ирэлгүй он уджээ би

Төө тэндхийн барааг дурандаж суух ахуйд
Сөөг дэрстэй намаржаанд ганц гэр торойх нь
Өтгөн хөх мананг сөхөн саравчилж
Өөрийн минь зүг эмгэн хүн бөхзийхөн
Аяа хөөрхий миний ээж мөнхийн наяан насандаа
Адилхан бас л ингээд саравчилж зогссоныг сануулж
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
Өчүүхэн жолоотой биднүүсийг үлгэрлэж зэмлэх мэтээ

Цаст уул шиг царцаж мөстсөөр ээж л хүлээдэгээ
Цайныхаа галд түлэгдэн дээл хөвөрдөж
Дөрвөн цагийн харгуйг сэтэртэл ээж л харуулдаж
Дөрөөн чимээг ханхийхийг анирлаж суудагаа

Дэлхийд үгүй ээж минь дандаан бодогдох боллоо
Дээлийнхээ хормойг харганы өргөсөнд сэмэлсээр
Навчтай цуг зулгарч намайгаа хүлээсээр
Насныхаа хөтөл дээгүүр нүүж одсон ээж минь

Амрах гэж нутагтаа хааяа л  нэг ирдэгээ бид
Асрах гэж ээждээн зорисон нь юу билээ
Ануухан гэж бодож анзаараггүй явсаар
Ажил гэж албархан араадаа бид  яарсаар
Хөлдүү өвлийн үүрээр ээжийгээ нэг ачилж
Хөрзөн хормойлж галын нь өрдөхийн оронд
Өдөн хөнжилийн өег халуун жаргалд
Өлгийтэй хүүхэд шиг нозоорч хэвтсээр
Ая тухын олбог сэнтийд авирч
Ар араасаа биднүүс орон хотруу нүүцгээсээр
Ахин ирж гийгүүлэх гэгээн өдрүүдийн чинь тулд
Амьд явахаар ээжүүд л үлдсээр

Онгойсон нүх шиг гэрийн буурь харлаж
Он цагийн салхинд цуу ямбууг хүүршүүлэх
Чөтгөр тогтомгүй гангийн галт шил шиг наран доор
Чөдөртэй морь шиг ээж л байсаар

Судар түүхийн чанадаас нааш дэлгэсэн малаа
Сулд нь орхиж хотруу нүүгээгүй буурлууд минь
Тэнхлэгт хорвоон хорол дугуйт арал дээр
Тэнгэр дээдсийн эсгий туургыг ачаалаад
Замын нугачаа гарган зангийн нуурыг засах
Замбуу тивийн  хос чавхдаст хуураа дээр нь залаад
Магадын амраг уртын дуутай талдаа
Машидын хутаг олж хөх чулуунд оршсоор

Араг үүрсэн ээж минь нүүдэл хөтөлж
Алаг цэцгийг ээтэн гутал нь үнсэж
Модон тэрэгний мөөр цагийн хөлд шалбарсаар
Монголын талаар он жилүүд өнгөрсөөр

Цөлхөрч мэнэрсэн тал нь эзгүйрч
Цөмөөрөө бараг хотод арагтай аргал шиг чихэлдэж
Цөхрөн бармаар энэ бэрх зааг дээр
Хөхөртлөө хүлээсэн ээж минь хөөрхий

Ирж яваа цагаас ээж минь тосохгүй болохоор
Эргэж хэндээ ч гэж ирэх билээ би
Ирье  гэвч  элэг эмтэрч хүлээсэн ээжийгээ бодохлоор
Элгэн нутагтаа эргэж ирмээр санагдах юмаа

Буцаад талдаа ир гэж чинэрсэн хөхөөр даллаад ч
Бурхан галвын гандирас энд байна гэж зарлаад ч
Өргөө хотоо орхих сажийтай хүмүүн олдохуу
Өдрийн од нь илүү олон буюу

Цэхэртэл уйлсан нүд шиг талын зовхис
Цэлдэн хөх униар дунд  мэнэржээ
Хэн хэний маань орхисон буурь юм бэ
Хэдэн бор гэр л хотын зүг саравчилжээ.

profile