Оруулсан bataka


Ядуу явахад юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл түмэн янзын зовлонтой
Ээжийн минь чанасан цай хүртэл нулимстай
Эцгийн минь өргөсөн сэрчим бүхэн ерөөлтэй

Зүдүү явахад юм бүхэн шаналалтай
Зүүн гартаа атгаж үлдсэн мөрөөдлөөр дүүрэн амьдралтай
Эхнэрээ тоотой баярлуулсан сэтгэл минь хортой шартай
Эрхэлж үзээгүй охин минь горьдлоор дүүрэн харцтай

Хоосон явахад юм бүхэн өнгөтэй
Хоолтой хоолгүй өнгөрөөсөн хоног өдрүүд минь дурсамжтай
Багынхаа найзын булшин дээр нулимснаас өөр үлдээх юмгүй
Баяны сэтгэлээс хэзээ ч төрөхгүй иймхэн нэг шүлэгтэй

Ядуу явахад үнэндээ
Юм бүхэн гунигтай
Яруу найрагчийн сэтгэл
Зовлонгоор баян тавилантай
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...