Эдийн засгийн хүчин чадлаараа удахгүй дэлхийг тэргүүлэх төлөвтэй БНХАУ Японоос гадна Вьетнам, Филиппин, Малайз тэргүүтэй хэдэн хэдэн оронтой арлын маргаантай байдаг.
Тэгвэл Бээжингийн саяхан гаргасан албан ёсны шинэ газрын зураг Хятадтай арлын маргаантай орнуудын бухимдлыг төрүүлээд байна.
Учир нь Бээжин энэ газрын зурагт Өмнөд Хятадын тэнгисийн 90 хувийг өөрийн газар нутаг мэтээр тэмдэглэсэн байгаа юм. Үүнд дотор зүүн азийн хэд хэдэн орны газар нутгынхаа нэг хэсэг гэж үздэг олон жижиг арлыг багтжээ.
Тодруулбал, газрын тос, загасаар баялаг Парасел, Спратли арлуудыг БНХАУ, Вьетнам, Тайвань улс хоорондоо булаалдаг.
Харин Бээжин шинэ газрын зурагтаа эдгээр арлыг өөрийн улсын бүсд оруулсан байна.
Үүнтэй холбоотойгоор Филиппиний Гадаад арилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийх үеэрээ, “Бид Хятад улсын бодлогогүй газар нутгаа тэлсэн газрын зураг гаргасан үйлдэл олон улсын хууль, НҮБ–ын конвенц дахь тэнгисийн хуулийг ноцтой зөрчиж байгааг олон удаа сануулж байсан.
Энэ төрлийн бүдүүлэг түрэмгийлэл Өмнөд Хятадын тэнгисд зөрчилдөөнийг бий болгох аюултай нь тодорхой” гэжээ.
Саяхан Вьетнам, Хятадын хоорондох арлын маргаан хурцадмал байдалд орсон юм .
Хятадын төрийн өмчит газрын тосны компани маргаантай Парасел арлын ойролцоо өрөмдлөг явуулахаар бэлтгэж эхэлсэн нь Вьетнамын засгийн газар төдийгүй иргэдийг бухимдуулсан.
Ханой төдийгүй бусад хотод Бээжингийн эсрэг жагсаал болох үеэр Хятадын 4 иргэн амиа алдсан юм. Мөн Вьетнамчууд БНХАУ хөрөнгө оруулалтай олон үйлдвэрийг галдан шатаасан билээ.
Харин Ханой иргэдийн гарт сүйтгэгдсэн Хятадын компани, үйлдвэрүүдэд нийт 7 сая долларын нөхөн төлбөр олгожээ.
Г.Уужим
http://www.youtube.com/watch?v=aYgxHjLA3Ys