Их Британийн оршин суугч нэгэн бүсгүй худалдан авсан шинэ даашинзны шошго дээр хачин бичиг байхыг харан машид гайхсан байна. Уг шошгонд тусламж хүссэн зурвас хавсаргасан байжээ.
The Independent-д мэдээлснээр, 25 настай Ребекка Галлахер Primark дэлгүүрээс 10 фунт стерлингийн үнэтэй даашинз худалдан авсан аж. Шошгонд хавсаргасан зурваст хүнлэг бус нөхцөлд хэт олон цагаар ажилладаг тухайгаа нэгэн ажилчин бичсэн байжээ. “Хилийн чанадад боолын нөхцөлд хүмүүс ажилладаг тухай маш олон түүх сонсож байсан. Тиймээс ч надад ичгүүртэй санагдан, энэ даашинзыг өмсөхийг ч хүсэхгүй байна” хэмээн британи бүсгүй ярьсан байна.
Энэ нь Primark-тай холбоотой анхны тохиолдол биш бөгөөд Европын худалдааны сүлжээнүүдэд зориулан хямд үнэтэй хувцас оёдог үйлдвэрүүдийн ажилчид нэлээн хүнд нөхцөлд хөдөлмөрлөдөг юм байна.
2013 онд гэхэд, Бангладешт Primark-т зориулан хувцас үйлдвэрлэдэг оёдлын үйлдвэрийн найман давхар барилга нурсны улмаас 1000 гаруй ажилчид амь эрсэджээ. Мөн 2008 онд ВВС телекомпани хагас жилийн турш мөрдөлт явуулан, хувцасны үйлдвэрт хүүхдүүд ажиллуулдгийг тогтоосон ба 11 настай хүүхдүүд жижиг сажиг зүйлсийг оёж наадгийг илрүүлэн бөөн дуулиан үүсгэж байсан байна.
2012 онд АНУ-ын нэгэн иргэн интернет дэлгүүрээс Хэллоуины чимэглэл худалдан авчээ. Уг чимэглэлийн хайрцган дотор нэгэн захиа байсан бөгөөд Хятадын улстөрийн хоригдлууд бичсэн байжээ. Тэднийг ямар ч амралтын өдөргүйгээр хоногт 15 цаг ажиллахыг шаарддаг гээд тэрхүү захиаг олж үзсэн хүн энэ талаар хүний эрхийн хамгаалагчдад мэдэгдэж өгөхийг гуйсан аж.
Д.Мигаа