Д.БОЛДБААТАРЫН МОТОЦИКЛЬ ЭВДЭРСНИЙ, Н.ЛХАМААГИЙН ЗАМААС ГАРСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ?
Уншсан 10619 vote 0 2013.02.14 14:00:04
Иймээс тэднийг МҮОХ-ны удирдлага хүлээн авч уулзан, “Олимпийн алдар” одонгоор шагнасан юм. Уулчин хүний мөрөөдөл цаст Эверест дээр оршиж, тамирчид олимпийн медалийг өдрийн бодол, шөнийн зүүд болгон хүсэмжилдэг. Харин техникийн спортынхны (авто, мото) сэтгэлээс алс холын “Дакар” гардаггүй. Гэхдээ энэ уралдаан Чингисийн хөвгүүдэд хол биш ойр, тэнд монгол хүн мөрөө гаргаж болдгийг Болдоо, Лхамаа нар харууллаа. Ямар ч баян хүний халааснаас 200 сая төгрөг зовж байж гарна. Харин тэд энэ их мөнгийг мөрөөдөлдөө, авто мото спорт эх оронд маань нэг шат ч гэсэн ахиасай гэсний үндсэн дээр зарцуулсан. Тэдэнтэй ярилцлаа.
Д.БОЛДБААТАР: САРАН ДЭЭР УРАЛДААД ИРЛЭЭ
-Сар шинийн баяр болох гэж буй энэ үед та хоёртой уулзаж байна. “Дакар”- ын замд хүч сорин, цоо шинэ хуудас нээсэн та нартаа уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. “Дакар”-т монгол хүн оролцсон гэсэн үүднээс үзэхэд сэтгэгдэл өндөр байна. Энэ жилийн уралдаанд 546 машин, техник, 196 мотоцикль болон “АТV” гэж дөрвөн дугуйтай мотоциклиор тамирчид уралдсан. Авто, мото спортын сор болсон шилдгүүд л энд оролцдог юм билээ. Тэр хэмжээгээрээ хөрөнгө мөнгө их шаарддаг.
-“Дакар”-ыг өдөрт 50 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик гарсныг уншсан. Хэрэв та замаа дуусгачихсан бол бүр ч сэтгэл хангалуун үлдэх байсан болов уу?
-Барианд орж чадаагүй ч, зургаан өдөр уралдахдаа хүчээ дайчлан уралдсан. Унадаг өдрөө дундын барианд 46-т орсон юм. Гэхдээ олон жилийн мөрөөдөл минь биелсэн нь хамгийн онцлууштай.
-Мотоцикль тань бусад орны тамирчдынхтай харьцуулбал хэр зөрүүтэй байв?
-Миний техник гадаадын тамирчдынхаас дутахааргүй хүчин чадалтай. Даанч байраа ахиулахын тулд анхаарал болгоомжгүйн үүднээс анхааруулгатай жалгын дээгүүр харайгаад унахдаа жолоогоо хугалчихсан юм. Тийм боловч би том туршлага хуримтлуулсан. “Дакар”-т уралдахаар зориглож буй дараа, дараагийн хүмүүст зөвлөгөө өгөх хэмжээнд хүрчихээд ирсэн гэж бодож байгаа. Өмнөд Америкийн нутаг сар шиг л санагдсан. Саран дээр уралдаж байгаад ирлээ.
-“Дакар”-т оролцох бэлтгэлээ хэрхэн хийсэн тань сонирхолтой байна...
-Үнэнийг хэлэхэд бид хоёр бэлтгэл хийж амжаагүй. Том тэмцээнд их хөрөнгө зарцуулж буйн хэрэг юу билээ, биеэ маш их цэнэсэн. Гэхдээ есдүгээр сараас хойш мотоциль унаж амжаагүй гээд бод доо.
-Бэл бэнчин зузаан байж л “Дакар”-т оролцдог. Таны хувьд хэдэн доллар зарцуулсан бэ?
-Нуугаад яахав. “Дакар”-т бүртгүүлэхдээ 14800 евро төлдөг. 27000 еврогоор мотоцикль худалдаж авсан. Үүнээс гадна бас бус зардалтайгаа нийлээд 100 мянган доллар зарцуулжээ. Би “Зиг Заг”-ийн “Доктор авто сүлжээ” компанийн тамирчин. Байгууллагаас маань надад зардлын 70-80 хувийг гаргаж өгсөн. Түүнчлэн, уул уурхайн “Сонголой хайрхан”, “Алтай констракшн” болон бусад клуб ч байна.
-Уралдааныг орхих үед харуусал төрсөн биз?
-Харамсалтай санагдсан. Тийм боловч жолоогүй мотоциклиор яаж уралдах билээ дээ.
-Хэцүү зам таныг багагүй ядраасан нь лавтай...
-Уралдааны явцад нойроор дутаагүй. Харин долоо дахь өдрөөс цааш юу тохиолдох байсан юм бүү мэд. Бөх хүн наадамд унах гэж ирдэггүй. Үүнтэй нэгэн адилаар барианд орохыг хичээсэн. Гэхдээ бас сүүлээсээ нэгд орохыг хэн хүсэх вэ? Бидний уралдааныг facebook- ээр үзэж байсан хүмүүс 200 гаруй тайлбар үлдээснийг хараад баярласан.
-Нэг хүний цаана бүхэл бүтэн баг ажиллаж байдаг. Гэтэл манай хоёр бүх зүйлийг өөрсдөдөө л даатгасан нь харьцангуй ойлголт биш гэж үү? Гадаадын тамирчдын оронд байсан бол...
-Санхүүгийн боломж шийдэгдвэл чиний яриад байгаа бүхэн асуудалгүй бүтнэ. Бидний хувьд “Дакар”-т тарчигхан оролцлоо. Мөнгөтэйсэн бол бүхнийг зохицуулна. Онгоц хөлслөөд явж ч болно.
-Таны дараагийн “Дакар” хэзээ вэ?
-Ирэх жил оролцох бодол бий. Гэвч амжих, эсэхийг нь мэдэхгүй байна.
-100 сая долларыг “хийсгэсэн”-ий дараа ямар бодол төрөв?
-Мэдээж харамсалтай. Гэхдээ эх орныхоо нэрийг гаргасан минь мөнгөнөөс илүү үнэтэй. Монгол хүн “Дакар”-т уралдаж болдгийг харууллаа.
Н.ЛХАМАА: ӨӨРТӨӨ ОНЦ ДҮН ТАВЬСАН
-“Дакар”-т гаргасан амжилтдаа ямар дүгнэлт хийж байна?
-80 хувийн амжилт гаргасан. “Дакар”- ын гараа, бариа, зохион байгуулалт, тамирчид, тэр бүхнийг үзэж мэдэрсэндээ баяртай байна. Францын багтай гэрээ хийсний үндсэн дээр мотоцикль авсан минь тааруу байж таарсан юм. 200 км явсан гэж гэрээнд заасан байсан ч урьд нь уралдаж байсан юм билээ. Эд анги нь сэв ихтэй. Ийм мотоциклиор урт зам туулсандаа бахархалтай байна. Дараагийнхаа “Дакар”-т мотоциклийн асуудлаа зөв шийдэх ёстой юм билээ. Бүхэл бүтэн багтай явбал амжилт эрс дээшилнэ. Бэлтгэлийг манайхан дээд тал нь хоёр цаг хийдэг бол гадаадын тамирчид 4-5 цагийн ачаалалтай бэлтгэл хийдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, 5-6 сар тасралтгүй хүч сэлбэх хэрэгтэй.
-Өмнөд Америкаас эх орондоо дөрөө мултлахад ямар бодол төрсөн бэ?
-Би мэргэжлийн тамирчин биш. Ажлынхаа хажуугаар бэлтгэл хийдэг ухаантай. “Дакар”-аас ирэнгүүтээ мөнгөтэй бол ажлаа зургаан сар орхимоор санагдсан. Дулаарангуут мотоциклио аваад хөдөө явж бэлтгэл хиймээр байна. Даанч надад ийм боломж алга. Ажлаа хийхгүй бол амьдрал минь хэцүүдэнэ.
-Та ямар ажил эрхэлдэг юм бэ?
-Хувийн бизнестэй.
-“Дакар”-т арай бага төсвөөр оролцох боломжийг эрэлхийлсэн үү?
-Мотоциклио Франц руу ачуулаад онгоцны билетээ авч, тэнд очсон хойно уралдааны гараанд зогсож болно. Энэ бүхэнд 40, 50 мянган доллар зарцуулагдах байх. Гэвч үр дүн нь гурав, дөрвөн шатыг л давж гарна. Бас орчин үеийн мотоцикль авч чадахгүй, сэлбэг нь ч хэцүү. Бидний гаргасан зардал ч элбэг дэлбэг хүрэлцээгүй. Юм бүхнийг хасаж танаж байгаад зохицуулсан.
-Тааруу мотоциклио сольж болоогүй юм уу?
-Таваас, зургадугаар сарын үед бүртгүүлээд дугаараа авчихдаг болохоор мотоциклио сольж болдоггүй. Миний хувьд барианд ороогүй гэсэн харамсал төрөхгүй байна.
-Олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн учраас гонсгор биш үлдсэн гэж үү?
-Мотоцикль унасан бага наснаасаа “Дакар”-ыг зурагтаар үзэн, элсэн дээр 10 мянган км уралдаж болдог юм байна, хүн үхэж гэнэ гээд л элдэв сонин сонсон гайхаж билээ. Олон жилийн дараа “Дакар”-т оролцлоо. Энэ уралдаанд хүч сорино гэдэг өөр, барианд орно гэж бүр ч өөр. Байнга дотор байсан хүсэл мөрөөдлөө хөнгөрүүлчихсэн учраас сайхан байна.
-“Дакар”-ын гараан дээр зогсож байхад юу бодогдов?
-Ямар ч бодол төрөөгүй, юм бодох зав ч байсангүй. Техникийн үзлэгээр орохоос эхлээд их гүйсэн. Монголоос анх удаа оролцож байгаа юм гэж харж үзэхгүй шүү дээ, зохион байгуулагчид. Хэсэг гүйсний эцэст Монгол руу буцах болчихсон. Эх орондоо ирээд ярилцлага өгч байгаа энэ үед л янз бүрийн зүйл бодогдож байна.
-Таны бодлоо “Дакар”-ын хамгийн хэцүү гараа хэд дэх өдөр тохиосон бэ?
-Долоо, найм дахь өдрийн уралдаан шиг санагдаж байна. Уулын уруу огцом бууж, буцаж эргэсэн маршрутаар үргэлжилсэн юм. Чулуун дээр эргэлт хийх мотоцикльч хүнд хэцүү байдаг. Гараанаас гараад тэр үйлдлийг 50 км үргэлжлэх байх гэж бодсон чинь 500 км сунадаг юм. Маш хэцүү үйлдлийг хоёр өдөр хийж байхдаа “Дакар” гэж хүнийг яаж барианд оруулахгүй хасах вэ гэсэн л тэмцээн юм даа гэж бодсон. Уралдаанаас, байгалиас таашаал авах тухай бодохын ч хэрэггүй.
-Гэхдээ ямар нэгэн саад учирвал тамирчид бие биедээ туслахаас цааргалдаггүй байлгүй дээ?
-Танай баг бэл бэнчин муутай, эсвэл чи мөнгөгүй мөртлөө ингэж уралдаж байна гэсэн гайхал “Дакар”-т төрдөггүй. Цэвэр өрсөлдөөний талбар. Манай механикч миний урд талын банкинд байсан бензинийг мотор солиход хэрэглэснийг мэдэлгүй дөрөв дэх өдөр нь уралдсан юм. Гэтэл уралдааны явцад бензин дуусчихав аа. Литр бензинээр туслах хүн гарахгүй л байгаа юм даа.
-Та ямар шалтгааны улмаас тэмцээний талбарыг орхих шийдвэр гаргасан юм бэ?
-Хүмүүс энэ тухай өмнөөс минь янз бүрийн тайлбар хийж байгааг сонссон. Арван хоёр дахь өдрийн гараанд яагаад Лхамаа гараагүй юм бэ гэж асууж байна уу? Өдөр нь унтаж болдоггүй халуун, орой ес, арван цагийн үед сэрүү унах авч майхандаа унтангууут өмнөх өдөр нь онхолдсон машинуудаа механикчид шөнөжин нүдчихнэ. Бас шөнөдөө маш бүгчим. Гурав, дөрвөн цаг унтаад байгаа юм шиг мэдрэмж төрөх мөртлөө бие организм амарч чаддаггүй юм билээ. Миний хувьд гол шалтгаан нойр дутсан явдал. Өглөө гурван цагаас эхний мотоцикль гараанаас гарна. Ийм маягаар есөөс арван өдөр уралдаж болно. Гэвч робот л биш бол ямар ч хүн сулардаг. Засмал зам дээр явахад л 55 хэм хүртэл халж байсан гээд бод доо.
Миний хувьд уралдаанаа дуусгах өдөр 20 км яваад л өөрийн эрхгүй нойр хүрсэн учраас сүүдэрт хэсэг зогсоод уралдаанаа үргэлжлүүллээ. Яаж ч дуу дуулаад, босож, суниагаад 20 км-ээс илүү явж чадахгүйгээ ойлгосон. Тэмцээний дөрөв дэх өдөр 106 дугаартай тамирчин машинтай мөргөлдөөд нас барсан нь толгойд орж ирлээ. Мотоцикль маань дэндүү муудчихсан байсан тул эрсдэлгүйн үндсэн дээр өөрийгөө татаж авсан юм. 12 дахь шатыг давбал дараагийн хоёр нь гайгүй байсан нь үнэн. Гэвч надад эрсдэл хийх шаардлага байгаагүй. Анх мотоциклио хараад замынхаа хагасыг дуусгах юмсан гэж бодож билээ. Гэтэл би 11 дэх өдөр хүртэл явсан. Иймд өөртөө онц дүн тавьж байгаа.
-Элсэн манхнуудыг муу мотоциклиороо хэрхэн давсан тань сонирхолтой байна...
-Гараанаас гармагц элсэн манхан угтан авах нь энгийн үзэгдэл. Хүч муутай мотоцикль маань үүнийг давж чадахгүй. 60, 70 хувийг нь гэтлээд л зогсоход үзэгчдийн тусламжтайгаар төмөр хүлгээ орой дээр нь гаргаж тавьдаг байлаа. “Дакар”-ын үзэгчид тамирчдыг сэтгэлээрээ дэмждэг юм билээ. Ус хэрэгтэйг бүгд мэддэг. Энэ нь эсвэл Өмнөд Америкийн онцлог ч юм уу? Хөлд орсон хүүхэд хүртэл улсынхаа тугийг бариад зогсож харагдана. Ээжтэй минь адилхан хүмүүс ч тааралддаг. Голын усанд хөлөө дүрээд шар айраг уунгаа тэмцээн үзэх эрчүүд ч бий. Тэд тамирчдын гарын үсгийг авах гэж, хамт зураг авахуулах гэж урт дараалал үүсгэдэг. Миний хувьд гарын үсгээ арай хялбар зурж сурдаг байж дээ, тэгсэн бол олон хүнд дурсгах байсан гэж бодсон.
-“Дакар”-аар амьсгалсан өдрүүд ард хоцорч байна. Одоо ажилдаа орох уу?
-Уралдааны дараа уралдаан бодогдсон. Мэргэжлийн тамирчин болох юмсан, Монголд тусгай баг байгуулаад, бэлтгэлээ хийж, 9-18.00 цагийг зөвхөн бэлтгэлд зориулж үзэхсэн гэсэн хүсэлтэй ирлээ. “Дакар”-т эхний 10-т орох тамирчин бэлтгэхийг хүсвэл шигшээ баг байгуулах зайлшгүй шаардлагатай Энэ хэвээрээ байвал Монголдоо тэмцээнд оролцож байтал “Дакар” холдож эхлэх байх даа.
-“Дакар”-ын аль шатыг нь Монголын уралдаантай зүйрлүүлэх вэ?
-Төстэй этап байдагсан бол бид арай өөрөөр уралдах байлаа. “Дакар”-ын замыг 100 хувь гэж бодвол, 10 хувь нь л Монголын замтай дүйцэх болов уу.
mmmmmmm