Бичлэгийн тоо 3,329



Утга зохиолын салбарт 2005 оноос хойш тасраад байсан Төрийн соёрхол хэмээх эрхэм хүндтэй шагналыг хэдхэн хоногийн өмнө хүртсэн яруу найрагч Ц.Бавуудоржтой уулзахаар гэрийг нь зорилоо. Хоймрын эзэнгүй сандлыг Төрийн соёрхлын тэмдгээ баруун энгэртээ зүүн, хадаг “нөмөрсөн” костюм хүндтэй нь аргагүй эзэлжээ.

-Таныг Төрийн соёрхол хүртсэнд утга зохиолд элэгтэй болон жирийн хүмүүс ч талархан хүлээн авч байх шиг санагдсан. Шагнал авсны тань дараа холбогдоход “Их гэнэтийн юм боллоо. Хүмүүс баяр хүргээд, тэвэрч үнсээд байхаар нь шагнал авсандаа итгэж байна” гэж байсан. Одоо яаж байна?

-Манай 90-ээд оныхны зүгээс харахад ч Төрийн соёрхол гэдэг бол эрхэм бөгөөд нэлээд дээд зиндааны оюун санаанд олгодог хүндэтгэл гэж бид үздэг. Тиймээс үеийнхнээ л илүү яримаар санагдаж байна. Цаг хугацаа, орон зайн зохилдлогоор гэх юм уу, бид нэг жаахан авьяас, мэдрэмжтэй төрсөн юм байна. Утга соёл, оюун санаа, нийгмийн олон салбарт 90-ээд оныхон томоохон давалгаа болон гарч ирснийг Монгол төр хүлээн зөвшөөрч, “Та нар одоо улс орныхоо төлөө ачаагаа үүрсэн шиг үүрсүгэй” гэсэн дотоод зарлиг юм болов уу. Нөхөд маань ч ингэж хүлээж авч байгаа нь надад хамгийн том шагнал. Шагналаа авчихаад Төрийн ордноос гарч ирэхэд манай үеийнхэн үүдэнд хүлээгээд зогсож байсанд л үнэхээр их баярласан. Хувийн зүгээс гэхээсээ Дархан-Уулын, Говьс үмбэрийн, Дорноговийн, Ховдын, Өмнөговийн Утга зохиолын нэгдлээс гээд баяр хүргэн утасдаж байгааг бодоход “Энэ чинь нээрээ нэг юм болоод байгаа юм байна” хэмээн анзаарч сууна. Бид чинь төрийн хайр хишгийг тэнгэрийн явдал гэж хүндэтгэж залбирч явдаг. Тэгэх ч ёстой юм. Монгол төр бол том. Тэр их Модун Шаньюгийн бүтээж явсан, эзэн богд Чингис хааны залгамжлан авсан, өнөөдрийн энэ төр бүгд л нэг шүү дээ. Төр гэдэг зүйлийг анх хэн, ямархан тэнгэрийн шившлэгээр буй болгосныг бид мэдэхгүй.

-Шагналаа аваад гэртээ ирсэн оройноо Та бурхан тахил, ижий аав, нутаг усандаа залбирч, ямар нэг ёслол үйлдэв үү. Нэлээд шүтлэгтэй хүний хувьд?

-Нэг их айхтар ёслол үйлдээгүй. Яах вэ, найз нөхөд, хамт олон, хамаатан садантайгаа жаахан юм болж л байна. Үнэнийг хэлэхэд, Монгол Улсын Ерөнхийл өгчийг энгэр дээр минь юм зүүж өгч байх агшинд хэдэн ном минь л нүдэнд харагдаж байсан. Анхны ном “Бүгээн анир”-аасаа хойш арван ном хэвлүүлсэн байдаг. Тийм том өргөөнд анх удаа ороод, Төрийн тэргүүнтэйгээ зэрэгцээд зогсож байхдаа хэдэн ном минь энгэр дээр энэ шагналыг зүүж өгч байна гэж ойлгон, гэртээ ирээд номондоо залбирсан.

-Бас Очирваань хайрхандаа залбирсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Монгол хүн гэдэг чинь арай нэг өөр юм аа. Уул ус, ураг садантайгаа ойр байхыг эрхэмлэдэг тийм нэг нандин холбоо монголчуудад л байдаг болов уу. Очирваань хайрхан бол миний төдийгүй монголчуудын сахиус шүтээн. Энэ их хайрхны ивээл хишигт мөргөж залбирахаас гадна яах гэж авьяас, мэдрэмжийн талст хайрласан байх вэ гэдгийг байнга бодож явдаг. Үүнийг харьцангуй эрт мэдэрч чадсан шүү. Анхны номоо хэвлүүлснээс хойш олон жил өнгөрч. Монгол гэж нэг үндэстэн энэхэн ертөнцийн ааш аягийг хэрхэн тааруулж, юутай нь холбогдож, юунаас нь гээгдэх, өөрсдийнхөө болоод хүн төрөлхтний үнэ цэнэтэй зүйл юу байх вэ гэдгийг бодож бясалгаж явдаг.

-Анхны шүлгээ бичиж байх үеийн тэр ухаарал, мэдрэмжээрээ юу үнэ цэнэтэй байхыг олоод харчихсан гэсэн үг үү. Тэгэхээр “Бавуудорж үнэн дүр төрх, мөн чанараараа болор шиг гэрэлтэж байна” гэж итгэлтэй хэлэх нь аргагүй байж?

-Анхны шүлгээ бичсэнээс хойш 30 жил өнгөрч. Би их олон сайхан багштай хүн. Олон сайхан ах нартай. Хөдөө явахдаа хүртэл хөгшин настай хүмүүстэй тааралдвал очоод үеийн юм шиг завилж суугаад, хэдэн үг сонсоод авахыг хүсдэг. Өөрийгөө монгол төрхтэй, монгол тархитай, монгол зүрхтэй хүн байгаасай, бүтээл минь ч тийм шалгуураар сэрээгдэж гарч ирсэн бүтээл байгаасай гэж боддог. Ер нь авьяас гэдэг зүйл нэгэнт хүнд заяагдсан л бол түүнийг дагаад хандлага нь бас өгөгддөг юм шиг санагддаг. Миний хувьд гэхэд Монголоороо байж, Дорнын сэтгэлгээний түвшинд өөрийгөө нээхийг хүсдэг байх жишээний. Монголоо, эх хэлээ мэдэж байхыг чухалчлахын зэрэгцээ бид чинь хүн төрөлхтний, хүний ертөнцийн тухай юм бас бодно шүү дээ. “Үзүүр дээрээ шүүдэр тээчихсэн бургас байтугай” гэж хааяа нэг бадарч бодох үе байна аа. Ингэж бадарч бодож чадсан үедээ харьцангуй гайгүй шүлэг бичсэн нь анзаарагддаг. Нэг их өргөн талд морьтой хүн давхиж давхиж байгаад, гэнэт зогтусан “Би чинь хаашаа явж байгаа билээ” гэх шиг дэлхий ертөнц өнөөдөр асуултын хариугаа Дорноос хайж, нэхэж байна. Дэлхий ертөнцийн он удаан жил оршин тогтнохын, хүн төрөлхтний зөв оршихуйн үндэс нь магадгүй Дорно зүгт байдаг болов уу гэж боддог. Тиймээс Дорнын эрдэмтэн мэргэдийн болоод өөрийнхөө хэмжээнд олоод уншиж, сонсож, харж болохоор зүйлүүдийг мэдэхийг хичээдэг. Монголчуудынхаа оюун санааны тэргүүлэх эгнээнд байж, залж чиглүүлэх ёстой гэж боддогийн хувиар дэлхий ертөнц дээр болж байгаа яруу найраг, утга соёлын томоохон арга хэмжээнд очиж оролцдог. Энэ нь дэлхийн хүмүүстэй монгол хүний оюун санааг ойртуулах л зорилготой шүү дээ. Оюун ухааны бяр гэж байдаг бол тэр нь одоо жигдэрч, хамгийн шидтэйгээр бүтээж туурвих орон зай, цаг хугацаа минь ирж байгаа тул энэ мэтээр бодсон зүйлүүдээ гүйцэлдүүлэхийг зорьж байна.

-Ингэхэд Та Очирваань уулынхаа оройд гарч, вансэмбэрүү цэцгийг нь түүж явсан удаа бий биз?

-Гарч байсаан. 1993 онд дөрвөн найзтайгаа Очирваанийнхаа торгон оргилд гарч, “Бүгээн анир”, “Гүм үда” хоёр номоо сахиус шүтээндээ аваачиж өргөс өн. Отгонтэнгэрийн тэнгэрээс шившсэн ариун ногоон арцан дунд хөрвөөж, гайхалтай вансэмбэрүү цэцгийн дунд дугхийж өссөнөө хувь заяа гэж боддог. Аав, ээж хоёр минь Отгонтэнгэрийн рашаан амралтын газарт нэлээд олон жил ажиллаж байсан. Би зуны амралтаараа тэнд очиж, хоёр амралтын газрын гал тогоонд усыг нь зөөж, түлээ модыг нь хагалж өгдөг байлаа. Орой үдэш нь амралтын газрын үдэшлэгийг зохион байгуулдаг. Хоёр гитар, таван бөмбөрийг нь ажиллуулдаг, клубийн эрхлэгч нь байлаа шүү дээ.

-Дорно. Амар амгалан, ариусал ханхалсан таны уран бүтээлийн жанжин шугам үргэлж ийм байсан уу. Тийм байлгахад юу нөлөөлөв. Яагаад ингэж асууж байна гэхээр одоогийн залуус монгол сэтгэлгээ бус модернизм гээчийг л дагавал цаг үеэсээ хоцроогүйн шинж, бас нэрд гарах гүүр мэтээр төсөөлөөд байх шиг байдаг.

-Нөлөөлсөн хүчин зүйл гэхээр юм үгүй. Ер нь үүнийг хүн өөртөө л бий болгодог юм биш үү. Японд гэхэд тэр хүний толгойд багаас нь “Би япон хүн” гэсэн үзэл бодлыг суулгаж өгдөг юм байна. Бид нүүдлийн соёл иргэншилтэйгээ байхад энэ үнэ цэнэтэй зүйл байж л байсан байгаа юм. Харин суурин иргэншил, хөгжил дэвшил, шилжилтийн энэ цаг үед эмгэнэмээр зүйлүүд байна л даа. Цагийн өнгө жаахан хувираад ирэнгүүт л хүүхдүүдээ хятад, англи хэлний сургалттай цэцэрлэгт шууд өгч байгаагаас үүнийг харж болно. Монгол хэмээх улс үндэстэнд л байдаг олон үнэ цэнэтэй зүйлээ цаг зуурын, өчүүхэн бужигнаанд санаатай болон санамсаргүй байдлаар алдмааргүй байна. Адаглаад эх хэлээ хайрлах хэрэгтэй. Нүдэнд харагдах байдлаар нь нэг уул, ус алга болохоор манайхан харамсан халагладаг хэрнээ нэг сайхан монгол үг устлаа гэхэд уулга алдахгүй байгаа нь алдас гэж боддог. Монголын утга зохиолын дараа дараагийн үеийн залуус ч их л бужигнаж байна. Олон сайхан багш, өмнөх үеийн зохиолч ах нарын буянаар бид бас нэг авьяастай, авьяасгүй хүнийг ялгахтайгаа шүү дээ, тийм ээ (инээв). Цаг үе нь ийм учраас олон янзаар бичээд, алдаж, онож байгаа залуусын тухайд нэг их эмзэглэдэггүй. Миний үеийнхэн ч олон измээр бичдэг учраас үүнийг хажиглаад байх хэрэггүй болов уу. Гагцхүү тэр хүнд авьяас заяасан бол ямар ч цаг үеийг даваад гараад л ирнэ. Хамгийн гол нь тэнгэрийн увдистай төрөх л чухал гэж хэлэхийг хүсдэг. Түүнээс биш цагийн өнгөн дээр тоглолт хийгээд амин зуулгаа бий болгох, өөрийгөө боловсролтой, авьяастай гэж харуулах гэсэн сонирхол бол ердийн зүйл. Энэ нь залуучуудын сэтгэлгээ, сэтгэл зүрхийг ямар нэг хэмжээгээр уруу татаж байгааг харж байгаа ч тэнгэрийн билиг авьяас байхад хандах зүг өөрөө тогтоно л гэж боддог.

-Тавиур дээрх номуудын тань дунд буддын шашны ном цөөнгүй байна. Та төвд хэлтэй юү?

-Үгүй. Гэхдээ ойр зуурын ганц нэг уншлагыг бол цээжээрээ гөвчихнө өө. Манай нутаг чинь олон хутагт хувилгаадын өлгий учраас багаасаа энэ талын мэдээлэл гэдэг юм уу, мэдлэгтэй болсон л доо. Ямар ч гэсэн орчин цагийн яль шальхан лам нараас илүү уншлагатай гэхэд болно (инээв).

-Цагаан сараар гэртээ лам залж, жилийн заслаа хийлгэдэггүй байх нь ээ?

-Өө тийм юм байхгүй, байхгүй.

-Зохиолчдын үг ямар ч үед хүмүүст үнэ цэнэтэй байдаг. Харин та хүүхдүүдээ даяаршлыг дагасан олон сөрөг үр дагавраас хамгаалж, монгол гэсэн үнэ цэнэтэй зүйлээ ухааруулахын тулд юу гэж хэлдэг вэ?

-Сэтгэл өвдөх зүйл байна. Гэхдээ хүүхдүүд минь хөдөө, гадаатай өсөж торнисон болохоор би үүнд нэг их санаа зовдоггүй. Ер нь монголчуудын хувьд өнөөдрийн энэ цаг зуурын зүйлд тэвдэж сандраад байх зүйлгүй гэж боддог. Учир нь алаг мах, алтан ясанд нь тэнгэрээс өгсөн монгол хэмээх өгөгдөл байдаг учраас аяндаа болно гэж итгэдэг шүү.

-Тантай ярилцаад суугаад байтал нээрээ л бүх зүйл тэгж байгаад аяндаа болох байх гэдэг бодол төрөөд эхэлчихлээ. Ийм их амар амгалан хүнээс хамгийн сүүлд хэзээ нулимс унагасныг нь асуумаар байна. Сүүлийн үед манай эрчүүд зурагтаар, тайзан дээр гээд хаа сайгүй уйлах боллоо.

-Хөгийн юм энэ шүү дээ. Уйлах юм амьдралд олон байна. Гэхдээ монгол эр хүний нулимс гадагшаа бус, дотогшоо тон хийтэл цөөхөн дусал унадаг байх ёстой. Би ч тэгдэг. Нулимс бол зүрхний дусал шүү дээ. Эр хүний нулимс гэдэг чинь зурагтаар үзүүлэх нь байтугай, хүнд тэр бүр харуулаад байх ёсгүй эд юм. Би монгол эр хүнийг ээ дээ, мөн чиг гайхалтай сайхан амьтан гэж боддог. Хангайн шаргал намрын хяр дээр эвэр нь сэртийн дамналдаад гарч ирж байгаа буга ямархан сайхан билээ. Би эрчүүдээ үүнтэй зүйрлэдэг. Дэлхий ертөнцийг шуугиулж явсан манай өвөг дээдсийн нууц нь морь, махир сэлэмний хүчээр гэхээсээ оюун санаанд нь байсан шүү дээ. Бурхнаас бидэнд өгсөн өчүүхэн цаг хугацааг өөрийгөө танихад л зориулах хэрэгтэй. Айхтар өөрийгөө таньж мэдээд байхгүй ч дотогшоо тав алхаад, эцсийн эцэст бидэнд юу хэрэгтэй гэдгээ ухаарсан цагт амьдрал гоё шүү дээ. Өөрт байгаа гэрэл гэгээгээ олж хараад, нэгэндээ түүнийгээ бэлэглэхийн оронд маргааш миний талхан дээрээ түрхэх масло нимгэн байна гэж дээш, доошоо гүйх хэрэг байхгүй.

-Тэгэхээр таныг ганц зовоодог зүйл шүлэг уран бүтээл чинь төрөх агшин уу?

-Яалаа гэж дээ. Шүлэг бичих миний хувьд харьцангуй амархан. Үнэхээр тэнгэрээс юм өгсөн л бол ямар ч түвэггүй. Харин зүгээр авьяасгүйчүүд гэвэл олон хүн гомдох байх, яруу найрагт дуртай хүмүүст тийм зовлон байдаг байж болох юм. Үүнийг бид өөрсдөө хэлсэндээ биш, угаасаа шударга зүйл шүү дээ. “Үзэг бол бидний хамгийн үнэтэй гангараа. Сайн үзгийг дагаж, чанартай сайн бэх хэрэгтэй байдаг” гэсэн Бавуу ах Тайванийн алдарт яруу найрагч Лю Шигийн бэлэглэсэн үзгээр бичдэг. Энэтхэгийн яруу найрагч Кумананы бэлэглэсэн, Японд нэг хувь үйлдвэрлэсэн, “Хүнд өгөх юмаа эргэлзэж тээнэгэлзэлгүй өгч бай. Хүнд өгснийхөө хариуд бид нэгэн цагт сайн сайхныг хундагалан авдаг шүү дээ” гэсэн хятад ханз бүхий сар, хундага, сахалт Ли Байг дүрсэлсэн үзэг ч бас бий. Найрагч ханийнхаа үг, үзэг, нөхөд гурвыг хамгийн их дээдэлдэг Машка эгч үзэг нь байгаа эсэхийг байнга шалгадаг гэсэн. Манай хүн нэг удаа найзынхаа эхнэрийн номын хуримд очоод, энгэрээсээ үзгээ гаргаад бэлэглэчихэж. Гэтэл өнөөх нь Машка эгчийн нөхөртөө бас нэг баяраар бэлэглэсэн үзэг байсан тул нөгөө бүсгүйгээс гуйсаар байгаад буцаагаад авсан гэдэг. Монголын оюун санааны үнэ цэнэтэй зүйлийг дэлхий дахинтай холбоход манай үеийнхэн ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэж боддог. Тэр дундаа Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч Мэнд-Ооёо ахад манай яруу найрагчид талархах хэрэгтэй гэж тэр хэлсэн юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6817265/9aa/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1429 Монголд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн байна 2012-12-03 9044
» Ц.Бавуудорж:Бидний алаг мах, алтан ясанд тэнгэрээс заяасан МОНГОЛ гэсэн өгөгдөл байдаг 2012-11-30 9891
1427 “Болор цом”- ын бүртгэл ирэх сарын 3-нд эхэлнэ 2012-11-30 10682
1426 Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд арилжээ 2012-11-30 9668
1425 Дээд шүүх цагдаагийн дарга нарыг буруутай гэж үзэв 2012-11-29 9962
1424 Японы мэргэжлийн тулааны урлагийн загалмайлсан эцэг АСАШЁОРЮҮГ тулаанд дахин дуудна 2012-11-29 9073
1423 “Монгол динозавр” үзэсгэлэн Японд нээгдлээ 2012-11-29 10422
1422 "Монголын хип хоп" олон улсын кино наадамд оролцжээ 2012-11-28 10197
1421 Б.Отгонтүвдэн гурван улсад үзэсгэлэнгээ гаргалаа 2012-11-28 11037
1420 Нарны зайн дэлгэцийг Японд нийлүүлж эхэллээ 2012-11-28 10352
1419 Монголын дөрвөн тахь Токио хотын "Тама" амьтны хүрээлэнд амьдарна 2012-11-27 10805
1418 ОЮУНБОЛД ОЮУНЫ ОЛИМПИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООЛОО 2012-11-27 10257
1417 Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна 2012-11-27 11589
1416 Ерөнхий сайд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо [1] 2012-11-22 8416
1415 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ОУОХ-НЫ ШАГНАЛ ХҮРТЭВ [1] 2012-11-22 8631
1414 Холливудын найруулагч Монголоос эмэгтэй жүжигчин шалгаруулж байна [2] 2012-11-22 8369
1413 В.Сайтиевийн тэмцээнээс М.Даваабаньд мөнгөн медаль хүртэв 2012-11-20 10046
1412 Б.Баярын кино ОХУ-ын 162 жилийн түүхтэй театрт нээлтээ хийнэ 2012-11-20 10197
1411 Бизнес эрхлэх боломжоороо Монгол 64 дүгээр байр эзэллээ 2012-11-20 9996
1410 Бид хоцроогүйн баталгаа [1] 2012-11-19 8882
배너신청
자생병원

배너신청