Энэ сарын 24, 25-нд Турк улсад “Оюуны олимп” боллоо. Энэ тэмцээнд 20 орны 89 тамирчин өрсөлдсөн юм. Тэдний 13 нь рейтингээрээ дэлхийд эхний 20-д бичигддэг гэнэ. Тэгвэл тус тэмцээнээс манай С.Цогбадрах харааны ой тогтоолт буюу “Flash Numbers” төрөлд оюуны Олимпийн аварга болж алтан медаль хүртжээ. Тэрбээр дэлгэцэн дээр гарч ирсэн 300 цифрийг 300 секундын дотор цээжилж, алдалгүй хэлсэн байна. Харааны ой тогтоолтын тэмцээн хатуу дүрэмтэй гэдэг. Учир нь нэг л цифр алдах юм бол бусдыг нь хэчнээн зөв хэлсэн ч оноо авахгүй аж. Тэгвэл С.Цогбадрах 300 цифрийг 300 секундэд яг таг цээжилсэн анхны хүн болж, дэлхийн рекорд тогтоосон юм. Түүний энэ амжилтыг оюуны спортын номонд бүртгэжээ.
Манай залуус энэ тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд дөрвөн тамирчин эхний 10-т шалгарчээ. Оюуны спортын олон улсын мастер С.Акжол нэг багц хөзрийг 51 секундэд цээжлээд, алдаагүй нэрлэж мөнгөн медаль хүртсэн бол Б.Ганбаяр нэг багц хөзрийг 53 секундэд цээжилж, тавдугаар байрт оржээ. Энэ төрөлд II, III, IV байрт шалгарсан тамирчид мөн энэ хугацаанд дуусгасан хэдий ч Б.Ганбаяр 60 долиор хоцорч, медалиа алдсан. Харин VII байрт цээж бодолтын дэлхийн аварга Т.Мягмарсүрэн орсон бол Х.Хатанбаатар 10 дугаар байрт шалгарчээ. Нэр, зүс, царай цээжлэх төрөлд Х.Хатанбаатар VIII байр, С.Цогбадрах 16 дугаар байр эзэлжээ. Тэмцээний программд монгол хэл байгаагүй тул тэд англи хэл дээрх нэр цээжилсэн байна. Харин “Тооны Марафон” төрөл нь цагийн дотор аль болох олон цифр дарааллаар нь тогтоон буцаж алдаагүй санах. Нэг эгнээнд 40 цифр (40 оноо) байх бөгөөд буцаж санахдаа тухайн эгнээн дээр нэг цифр алдахад 20 оноо, хоёр цифр алдахад шууд оноо авахгүй болдог билээ. Энэ төрөл хамгийн хэцүү нь бөгөөд нийт гурван цаг үргэлжилдэг. Нэг цагт 2300 цифр цээжилж, 2300 оноо авахаас С.Акжол 1620 оноо авч, V байрт орсон юм.