Хэдийгээр Монгол Улсын гадаад валютын нөөц багасаж, инфляц хоёр оронтой тоонд хүрч, хөрөнгийн зах зээлийн арилжаа энэ онд 30 хувиар буурч, Засгийн газар бизнесийн салбартай холбоотой зарим нэг шийдвэр гаргасан ч бондын арилжаанд төдийлэн муугаар нөлөөлөөгүй бололтой. Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондыг худалдан авахаар 10 дахин их хэмжээний саналыг хөрөнгө оруулагчид ирүүлж байсан гэжээ. Бондын арилжаагаар босгосон мөнгийг авто зам, уул уурхайн хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт зориулах аж.
Олон улсын үнэлгээний “Standard & Poor's” агентлаг Монголын бондын зэрэглэлийг BB- гэж тогтоосон нь Бангладеш, Гүржийнхтэй адил түвшин бол “Moody's” агентлаг B1 хэмээн үнэлээд буй юм. Дашрамд дурдахад, 2013 оноос Оюутолгойн ордын үйлдвэрлэл эхлэх үеэс Монгол Улс зэсийн экспортоор Чилийн дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгдэх магадлалтай бөгөөд энэ нь бондын эргэн төлөлтөд чухал ач холбогдолтой хэмээн зарим шинжээч үзэж байгаа аж. Гэхдээ ОУВС-гийн тооцоолсноор манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд саарч, 12.7 хувьд хүрэх гэнэ.
Мөн Засгийн газрын өр 650 орчим сая ам.долларт хүрэхээр байгаа нь ДНБ-ий долоон хувьтай дүйх үзүүлэлт юм байна. Түүнчлэн төгрөгийн ханш сул байгаа нь бондын эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ. Өмнөх онд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 ам.доллар байсан бол энэ онд гурван тэрбум болж буурах тооцоо гарчээ. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр 1.5 тэрбум ам.долларын бондыг Америк, Сингапурын хөрөнгийн зах зээлд арилжсан бололтой.