Ерөнхий сайд С.Баяр “Таван толгой”-г Орос, Солонгосын хэнд нь өгөх вэ?
Ашигт малтмалын ордуудын хувь заяаг шийдэх эрхээ УИХ-аас авах гэж байгаа Засгийн газрын тэргүүн С.Баяр “Таван толгой”-н нүүрсний ордыг элэг нэгт орос ах нартаа барих уу, эсвэл саяхан нутагт нь очиж тохиролцоо хийсэн хангүг нөхдөд барих уу гэдэг нь өнөөдөр хүн бүхий анхаарлыг татаж байна.
УИХ яг энэ өдрүүдэд ашигт малтмалын ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг хийх эрхийг Засгийн газарт олгохоор намын бүлгүүд дээрээ хэлэлцэж байгаа үед олон улс төрчид “Таван толгой”-н эзэн хэн бэ? гэдгийг түүнээс асууж зүрхлэхгүй байна. Ямартай ч улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон энэ орд бүхэлдээ монголчуудын өмч. Харин өнөөдөр Ерөнхий сайд С.Баяр уг ордыг хэний мөнгөөр, хэнээр ухуулахыг чандлан нууцлаж байна. Сүүлийн жилүүдэд Америк, Канад, Хятад, Япон гээд уул уурхайн акул хөрөнгө оруулагчдын арааны шүлсийг гоожуулж байсан энэ ордод хөрөнгө оруулахыг хүссэн солонгосчуудын саналыг тэрбээр таатай хүлээн авч байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн хавар Орост албан ёсны айлчлал хийж байхдаа Оросын экс Ерөнхий сайд асан С.Кириенко тэргүүтэй хүмүүстэй уулзахдаа Монголд цөмийн цахилгаан байгуулах, ураны олборлолт хийх талаар тодорхой тохиролцоонд хүрсэн билээ. Энэ удаагийн хамтарсан Засгийн газрын харъяанд Ерөнхий сайдын шууд мэдэлд Цөмийн эрчим хүчний газар байгуулах нь нэгэнт тодорхой болов.
Тиймээс “Таван толгой”-н нүүрсний ордыг солонгосчуудад, харин Мардайн ураны ордыг оросуудад тал алдахгүйн тулд өгөхөөр төлөвлөсөн бололтой.