Цав цагаахан сувд тэнгэрийн нүднээс асгарахад
Цан тогтоож сормуусаа будан гоёод л
Хэн ч явж амжаагүй цагаан торгон замаар
Хээ татуулан чиний зүг гүйлээ
Хайлхаас нь өмнө амжиж гоёлоо гайхуулахаар очтол
Хаалга үүд чинь цоожтой байсанд гомдож
Үлгэрийн шидээр цас болон хувираад
Үүдний чинь дэргэд дааран хүлээлээ
Нэмэн нэмэн орох цасан далайн дундаас
Нээрээ л хайртай юм бол намайг заавал ялгана
Нэрээр минь дуудан уулга алдан гайхахад
Нээж амжаагүй сэтгэлээ дэлгэнэ хэмээн хүлээлээ
Тэсгим хүйтэн өвлийн жаварт
Тэвчээр алдалгүй хүлээсээр байхад минь
Дээгүүр минь чи тоомжиргүйхэн алхаад өнгөрөхөд
Дэндүү мөрөөдсөн би мөс болон хоцорлоо

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар