Бурхан болооч Гэвш лам Ш.Чулуунбаатар тээр жил  доорх түүхийг ярьсан нь тэмдэглэлийн дэвтэрт минь бичээстэй хоцорчээ.

 -Гүйеэ хө, энэ хүний ухаан гэж мөн айхтар юмаа. Би чамд нэг сонин юм ярья. Чам шиг элдвийг сонирхож явдаг хүнд хэрэг болж юун магад.

Шашны дээд сургуулийн анхны төгсөгч гэдгийг маань чи мэднэ. 1970 онд Бурханы шашныг “мандан бадруулах, түгээн дэлгэрүүлэх” үйлсэд хүчин зүтгэхээр  12 монгол,  6 буриад залуу шавь болж сахил хүртэж байлаа шүү дээ.

Ном сурах оюуны сав нь л байдаг юм бол багш нар маань ланжгар улсууд байсан шүү. Данзан-Одсэр ламтан, өнөө “уулын” гэж алдаршсан зурхайч  Жамц гуай, цагийн сайханд Гандан хийд түмэн шавьтай түжигнэж байхад “Анги” гэж алдаршсан Лхамаажав гэвш, 1937 онд Гандан хийдийг дахин сэргээлцсэн Дагважанцан гавж, Өмнөговийн Балдорж гэвш нар лам талаасаа, за харын талаасаа бол Ринчен доктор, Ц.Дамдинсүрэн гуай, Лувсанвандан, Хөдөөгийн Пэрлээ тэргүүтэй аваргууд бас тэр үед ид мандан цойлж байсан Чой.Лувсанжав, Нацагдорж, Дамдин, Нямсүрэн гэхчлэн англи хэлний арслангууд хичээл заадаг байлаа шүү дээ. Биднийг бас чиг гайгүй номтой лам нар болгоод төгсгөх санаатай багш нар маань мөн ч их хичээсэн дээ. Алшаа Дандар Лхарамбын айлдсанчлан “…усны чулуу  тосны гүзээ” шиг мань мэт нь харин дэндүү бага зүйл сурсан байж мэднэ.

 

Бидэнтэй хамт сурч төгссөн буриад лам Галсан/нэрийг нь өөрчлөв/ гэж бий л дээ.  Уншлага сайтай, номдоо сүрхий, сүүлд нутагтаа очоод том лам болсон хүн л дээ. Тээр жил мань эрийн урилгаар би нутагт нь очиж хэд хоног амарсан юм. Манай хүн чинь нутгийн зон олондоо нэр хүндтэй,  аа бас  лут байна аа. Бага залуу насаа дурсан хууч хөөрч, дайлуулж цайлуулан харжигнаж, хажуугаар нь бас  хурал номд нь сууж сайхан явсаан. Харин тэгж явахад би нэг л зүйлийг гайхсан шүү. Мань эр элдэв өвчин зовлон ярьж,  аврал эрсэн хүмүүст юм л бол буяны суварга босго гэж айлдаад байх юм. Тэгээд бүүр хаана хаана босгох газрыг нь хүртэл зааж өгөх юмаа. Би ч нэлээд хэд хоног ажиглалаа. Тэгээд сонирхоод асуулаа даа.

-Чи энэ их олон суварга босгож яах нь вэ? Сүүлийн үед манай нутагт хүртэл замбараагаа алдсан суварга босгох боллоо. Ямар ч юм хирээсээ хэтэрвэл дэмий болдог шүү дээ, хө гэвэл мань хүн жоготой инээж,
-Чука ламтан тэгж бодож байна уу? Тоо хэмжээ нь хэтийдсэн ямар ч зүйл дэмий байдгийг мэдэлгүй яахав ээ. Гэхдээ би үүнийг бүүр бодлогоор босгуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд манай буриад зоны хил хязгаар улам хумигдаж,  төвөөс/Москвагаас/ элдэв хавчилт ил далд хэлбэрээр их ирэх болсон. Яваандаа Буриад Монголын нутаг дэвсгэр гэж бүүр байхгүй ч болж мэдэх юм. Гэхдээ ямар ч юм эргэж хөрвөж байдаг шүү дээ. Одоо хэдий их гүрний буулган доор хүчин мөхөсдөвч ирээдүйн нэгэн цагт Буриад Монгол гэж дахиад сэргэн мандах ч юм билүү? Тэр цагт  бид хил хязгаараа хаагуур байсныг нэгэн зүйлээр ч болов нотлох хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас би элэнц хуланцын үе, эрт дээр цагаас буриад зоны нутаглаж ирсэн ...

Энэхүү хууч ярианы үргэлжлэл, буриад зоны тухай түүхэн баримтат киног дараах блогоос үзнэ үү. Баримтат киногоо нааш нь татаж авч ирж чаддаггүй ээ, бас  "Тоонто нютаг"  гээд сайхан дуу бий. Урьдын сайхан уламжлалаараа та бүхнийг туслаж дэмжинэ гэдэгт итгэж байна. Баярлалаа залуусаа. http://www.soronzon.blogspot.com/