Үхлийг хүлээн зогсож чадаагүй учир –

Өгөөмөр тэрээр намайг авахаар ирсэн юм –

Үхэшгүй мөнхийг бас бидэнтэй –

Өөрийн сүйхэндээ суулгасан байлаа

Адгахыг тэрээр мэдэхгүй тул – алгуур бид хөдлөв

Алба цэнгэлийнхээ аль алиныг

Аргагүй түүний албат эзэмшилд нь –

Айлтгаж үлдээсэн билээ

Завсарлагаараа – тойрог болон наадах –

Хичээнгүй хүүхдүүдтэй сургуулийг өнгөрөв

Нүд алдам тариан талбайг туулав –

Жаргах наранг үдэв –

Шүүдэр сэгсчин, хүйт татуулан –

Тэр бидний хажуугаар өнгөрсөн байх – эсвэл –

Өмсгөл минь сийрэгхэн бөс л агаад –

Нөмрөг минь – сайн сүлжмэл аж –

Газар хавдчихсан мэт санагдуулах –

Дан байшингийн өмнө амсхийв:

Дээвэр нь ялгарах төдийхөн л харагдана –

Хүрээ гоёл нь – газарт тулсан үзэгдэнэ –

Тэрхэн даруйд л – зуу зуун жилүүд –

Молхи өдрөөс богино мэт санагдана

Тэгэхэд л морьдын хошуу анхнаасаа

Мөнхийн орныг – тэмүүлж байсныг ухаарна

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.