Шүлэг

Оруулсан:батака

Хэзээ ч, хэний ч явж үзээгүй замаар

Өдөржин зугаалмаар

Хэзээ ч, хэний ч бичээгүй мөрүүдээр

Бадаг холбомоор

Хэзээ ч, хаана ч дуулдаагүй аязанд

Уярмаар

Хэзээ ч, хаана ч байгаагүй ертөнцөд

Зочилмоор

Мөн хэзээ ч, хаана ч төрөөгүй хүмүүнтэй

Ярилцмаар

Бас хэзээ ч, хэний ч мэдрээгүй ухааралтай

Учирмаар

Ахуй биеэсээ тасран одож

Аль байхгүй газруудаар тэнүүчилж

Огт байгаагүй болгонтой уулзаж

Бүр байх боломжгүй бүхнийг мэдэрмээр

Буй бүхнээс ангид

Болчимгүй хүсэл намайг эзэмдэх агшинд

Би зүүдлэхийг хүсдэг

Тэгээд тэр зүүдээрээ

Тэнгэрийг хөрстэй, газрыг одтойгоор

Далайг хуурай, уулыг нойтоноор

Бүтээхийг хүсдэг

Харин хэн нэгэн хажууд шулганахад

Хайран санагдах зүүдэн дундуур минь

Гайтай цагийн сэрүүлэг хашгирах шиг болдог

Тэгээд чихээ таглах гэтэл

Би сэрчихдэг

Харин тэр мөчид

Хөрс нь газартаа, одод нь тэнгэртээ

Далай нь нойтон, уул нь хуурай угтдаг

Гэвч шүлгийн минь мөрүүд

Газрын дор тэнгэр, тэнгэрийн дор далайг

Бороог хуурай, шороог нойтоноор

Бор цаасны захад урласан байдаг

2006.11.27


profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...