Бичлэгийн тоо 3,329

 Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярын аав Т.Найдан, ээж Д.Цэнд-Аюуш нарыг “Хос багана” буландаа урилаа. Булган аймгийн Сайхан сумын нутагт өвөлжөөндөө байсан тэд “Өнөөдөр” сониноос зохион байгуулж олон түмний санал асуулгаар шалгаруулдаг “Оны алдартан”-ы Тэргүүн алдартнаар шалгарсан хүүгийнхээ шагналыг гардахаар хотод ирээд байв. Тэдэнтэй энэ сарын 19-ний өдөр ярилцлага хийхээр товлосон цагтаа аваргын гэрийг заалгаад гарлаа. Ээж нь “Хүү минь өнөө өглөө шөрмөс залгуулах хүндхэн хагалгаанд орлоо. Хагалгаа амжилттай болсон гэнэ ээ. Интернэтээр хүүгээ харлаа, өнгөлөг сайхан байна” гэсэн баярт мэдээтэй угтав. Хүнд бэртэлтэй ч Лондоны тэнгэр дор ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевтай алтан медалийн төлөө монгол хөвгүүдийн тэсвэр хатуужлыг бишрүүлэн барилдсаныг элэг нэгт ард түмэн бид сэтгэл түгшин, амьсгаа даран үзсэн.

-Түвшинбаяр аваргатай Америк руу гэр бүлийнхнээс нь хүн явсан уу?

Д.Цэнд-Аюуш: -Явж чадаагүй ээ. Бэр маань амаржаад охиноо төрсний маргааш нь нэгдүгээр сарын 28-нд явсан шүү дээ. Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагва, хүүгийн минь найз М.Өсөхбаяр заан цуг яваа. Бид хөнгөн гэж ойлгосон тийм биш, нэлээд хүнд хагалгаа байсан гэнэ. Америкийн хөл бөмбөгийн тамирчдыг эмчилдэг мэргэшсэн эмнэ лэгт хэвтэж байгаа гэж бэрээсээ дууллаа.

-Аварга Лондоны олимпоор хөл нь доголоод их л зовиуртай харагдаж байсан. Та хоёр хүүгээ хараад юу бодож суув?

Т.Найдан: -Хүүгээ зураг таар харж өрөвдөж, санаа зовж л байлаа. Бэртлээсээ болоод өрсөлдөгчтэйгээ эн тэнцүүхэн хүч үзэх боломж гараагүй байх.

-Та хоёр хөдөө хүүхдүү дтэйгээ байдаг уу?

Д.Цэнд-Аюуш: -Хүүхдүүдтэйгээ айл байдаг. Манай долоон хүүхдийн дөрөв нь нутагтаа мал малладаг.

-Танай нутагт цас хэр зэрэг оров. Өвлийг өнтэй давав уу?

Т.Найдан: -Мал сүрэг онд тарган орсоон. Монголчууд бид хатуухан өвлийг давсан ч бэлгэшээлээ бодоод онд тарган тавтай орсон гэдэг. Энэ жилийн тухайд жинхэнэ утгаараа мал сүрэг тарган тавтай, өнтэй өвөл болсон шүү.

-Их л хүйтэн өвөл болно гэж урьдчилан анхааруулаад байсан шүү дээ?

-Хэд хоног хүйтэрсэн л дээ. Тэгээд гайгүй ээ.

-Та хоёр хэзээнээс мал маллах болсон бэ?

Т.Найдан: -Бид таван хошуу малын аль алиныг нь л хариулж үзлээ. 20-тойдоо анх нэгдэлд элссэн. Эхлээд нэг өвгөнтэй хамтраад сувай үхэр авлаа. Үхэр дэмий юм байна, адуу л хариулмаар байна гэж бодлоо. Хоёулаа айл ч боллоо. Адуутай болох санаатай байтал ашгүй нэг айл адуугаа өгнө гэж дуулдав. Бөөн баяр болоод авсан. Оторт их явна, хүйтэнд шөнө адуугаа манана. Дах дэгтий өмсөөд л явдагсан. 15 жил адуу маллаж, морин дэл дээгүүр давхилаа. Адуугаа нэгдэлд өгөөд таван жил тэмээ хариулсан. Тэмээ догшин, эмнэг хангал байдаг учир хөл, гар эрс мууддаг юм байна. Манай нутгийн тэмээ салхинаас өөрийг нуруундаа гаргахгүй. Эр, охингүй л амнаас нь хөөс савсаад л ороод ирнэ. Ботго байхад нь гар хүрэхгүй болохоор тэмээ хангал болчихдог юм. Тэр үед манай сум 700 тэмээтэй болсон, одоо нэлээд цөөрсөн. Дараа нь хонь хариулсан. Хонио хариулж байгаад л 1989 онд Аймгийн сайн малчин болсон доо. 1990 онд нэгдэл тарлаа. Би шагнал их авдаг, гайгүй малчин байлаа. Малаа онд бүрэн оруулбал төлөг өгч урамшуулдаг. Тэгж 2-3 жил шагнуулаад хувьдаа нэлээд хэдэн хоньтой болчихдог юм. Сангийн аж ахуй тарахад 180 толгой мал өгсөн. Түүнийгээ хариулсаар 1999 онд мянгат малчин, 2008 онд Улсын сайн малчин болсон. Хүүхдүүд маань малд нүдтэй, одоо мал аж ахуйгаа сэтгэл зовох юмгүй аваад явж байна. Манай хоёр хүүгийнх мянгат малчин боллоо. Тэднийг Аймгийн сайн малчнаар тодорхойлсон юм билээ. Том хүү маань энэ жил Аймгийн сайн малчин боллоо. Үе удмаараа малаа маллаад ашиг шимийг нь хүртээд сайхан амьдарч байна аа, бид. Хөгшин бид хоёр хөл, гар муутай болсон. Эрдэнэтэд хүргэнийдээ өвөлжөөд, хавар дулаарахад хөдөө гардаг. Цагаан сараар хоёулаа Булган руу гэртээ очдог. Тэр орчимдоо настайд нь ордог болохоор нутаг усныхан бүгдээрээ л ирж золгодог болж дээ.

-Насаараа хөдөө амьдар сан хүмүүс хот газар тогтож сууж чадаж байна уу?

Т.Найдан: -Хот суурин газарт байх амаргүй юм аа. Би нэг радиотой. Сурсан зангаараа цаг агаар тогтмол сонсож, хүүхдүүддээ хэл дуулгана. “Хүйтэрнэ гэж байна, хашаандаа утаа тавиарай” гэх мэтээр заавар зөвлөгөө өгнө. Зун бол би хониндоо явчихна аа.

Д.Цэнд-Аюуш: -Бид хоёр өнг өрсөн жил хүүх дүүддээ мал тасалж, айл айлд хуваагаад өгчихсөн. Түвшинбаярынхаа малыг ах нь хариулдаг. Адуу бол бөөндөө байгаа. Хөл, гар муутай болсон хоёр хөгшин мал харах нь өнгөрсөөн, дараа болохоос цаашгүй биз.

-Орчин цагт олон толгой малаас илүү ашиг шим өндөртэй цөөн тооны мал маллах фермерийн аж ахуйг дэмжих болж байна. Та хоёр энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Т.Найдан: -Тэр зөв шүү. Сүүлийн үед булаг шанд ширгэж, ус ховордож байна. Энэ уул уурхай чинь малчдыг амьдрах газаргүй болгож мэдэхээр байна. Манай нутагт уурхай байхгүй л дээ. Гэхдээ л он удаан жил малаа даган нүүдэллэдэг малчдаа бодмоор л санагдах юм

. -Сүүлийн үед бэлчээр хувьчлах тухай яриа гарч байна. Энэ зөв үү?

Т.Найдан: -Буруу даа. Би залуудаа нүүдэг Найдан нэртэй байлаа. Хэзээнээсээ л хаяа багтахаараа нүүж, хошуу багтахаараа идэж ирсэн. Энэ их л эвгүй юм болох гээд байгаа юм. Одоо ч малчид, манай хүүхдүүд ч отор нүүдэл хийж л малдаа тарга тэвээрэг авахуулж байна шүү дээ.

-Та хоёрын ээж, аавууд бас л малч хүмүүс байв уу?

Т.Найдан: -Бид эцэг, эхээс дөрвүүлээ. Ах, эгч хоёр минь өөд болсон, дүү минь нэг өвгөн байна. Манай өвөө аавынх мал хөрөнгө ихтэй Даваа хиа гэж нутаг орондоо алдартай хүн байсан. Нэг зуданд л хонио олноор нь үхүүлсэн гэдэг. Мянган хоньтой байсан, хониороо хороолсон гэж эмээ ярьдагсан. Эмээ их хөдөлмөрч, хүнтэй юм дуугарахгүй, ганцаараа л ажлаа хийгээд явдаг. Ганцаараа 40 гаруй үнээ саадаг байсан гэдэг. Манай ах цэрэгт явчихаад, би найман наснаасаа л хонь дагасан даа. Эмээ ээж минь бурхны ном судар уншдаг айхтар хүн байлаа. Миний ах ч монгол үсэг, шинэ үсэг хоёуланг нь мэддэг. Эмээ ээж одоогийнхоор сумын бага эмч гэх юм даа, Лхагваа доктороор “Уушгины өвчтэй” гэж тодорхойлолт бичүүлээд намайг сургуулиас гаргасан. Тэгээд би сургуульд сурч чадаагүй юм. Арын хаалга гэгч эрт үеэс л байж дээ гэж гэрийнхэндээ ярьдаг юм. Гэхдээ яахав ээ, эмээгийнхээ ачаар мал маллах арга ухаанд суралцаж, сайхан л амьдарч байна.

Д.Цэнд-Аюуш: -Манай ээж миний нэг настайд нас барсан гэнэ лээ. Бид эхээс дөрвүүлээ, аавтайгаа өссөн. Нэг эгч минь өөд болсон. Одоо ах, дүү хоёр минь бий. Бид бас л Сайхан сумынхаа нутагт мал дагаж л өссөн. Малчин хүний хөдөлмөр цаг наргүй, шуурга шамарга, цаг агаарын эрс тэс нөхцөлд малынхаа хойноос явж байдаг амаргүй ажил.

-Байгаль цаг уурын давагдашг үй хүчин зүйлийн өмнө хүний хүч мөхөстөнө. Тийм хүнд үе тохиолдож байв уу?

Т.Найдан: -Байгалийн гамшиг тохиолдохын алийг тэр гэх вэ. 2001 оны хавар шиг санаж байна. Нүүр нүдгүй шуурлаа. Нэг хүү маань сувай хонио туугаад явлаа. Бас нэг хүү хэсэг хонь туугаад гарсан. Би тэжээл өгдөг нялх, ихэр зэрэг муусайн хонио аваад нэг тийш гарлаа. Тэгтэл үдээс хойш тэнгэр муухайрч юу юугүй шуурлаа. Гэр харагдахгүй, хонио туугаад ч явахаа болив. Тэгэхээр нь айлын нэг пүнзний нөмөрт орхиод өөрөө гэр лүүгээ явлаа. Морины чих харагдахгүй шуурч байсан. Гэрээ чиглээд явахад харихгүйдээ яадаг юм гэж бодоод л шуудуу дагаад явлаа. Гэрийн гадаах “Газ-53”-аа асаагаад өнөө “муусайнаа” ачаад ирнэ гэж бодож яваа нь тэр. Өвдгөөр цастай, харанхуй ч боллоо. Сүүлдээ дэрс бараадаад яваад байлаа, манай том хүүгийнх дэрс ихтэй газарт байдаг юм. Тэднийд оччих санаатай. Тэгж нэлээд явтал утасны мод таарахад нь төөрснөө мэдсэн. Гэрийнхээ урдуур гараад явчихсан байгаа юм. Би мориныхоо хазаарыг аваад утасны модноос уялаа. Эмээлээ авч, утасны мод голлуулж тавиад хоёр тохомныхоо нэгийг морин дээрээ, нэгийг нь авч өвдгөн дороо тавиад утасны модны харалдаа дөрвөн хөллөөд хэвтлээ. Би дээлнийхээ гадуур өмссөн цуваа толгой дээгүүрээ нөмрөөд хэвтчихсэн. Үстэй малгайтай, дулаан хувцастай учир даарах нь харьцангуй гайгүй. Би хонинд явсан хүүхдэдээ цагаан тос, ундааны саваар айраг аваад гарсан юм. Хүүхдээ ч олоогүй. Тэр айрагнаасаа уугаад, жаахан үүрэглээд гэгээ ортол хэвтсэн. Арай л хөлдөж, зуурчихаагүй. Тэр айраг их хэрэг болсон гэж боддог юм. Утасны мод ч гэсэн их нөмөртэй байж билээ.

Д.Цэнд-Аюуш: -Би өвгөнийг гэрээс гарахад нь “Тэнгэр эвгүй байна. Уулаа бараадаж явна шүү” гэж захисан юм. Тэр шөнө миний нойр хүрдэггүй ээ. 02.00 цаг болж байхад хүүгээ дуудлаа. “Миний хүү салхи тогтох шиг боллоо, тэнгэр онгойж байх шиг байна, босохгүй юү, аав чинь ч хаана явдаг юм” гэлээ. Хүү маань цай халааж, халуун саванд хийгээд авч гараад удалгүй хүрээд ирэв. “Хонь нь л байна, хүн нь байдаггүй” гэлээ. “Уулаа бараадаарай” гэсэн айлд очсон байлгүй гэж бодлоо. Хонинуудын нэлээд нь осгосон байна гэнэ. Хүү маань пүнзнийх нь цоожны цүүг суга татаад хонио оруулчихаад ирлээ гэж байна. Удалгүй өглөө боллоо. Нохой хуцахад нь гараад хартал баруун урдаас морьтойгоо сүүтийсэн юм ирж явна. Айлд хоноод эрт ирж байна гэж бодлоо. Гадаа буучихаад орж ирэхгүй нэлээд удлаа. “Мориндоо өвс тавьж өгөөд ирлээ” гэсээр орж ирэв. Хамаг хувцас нь дэрийгээд хөлдчихсөн, хачин эвгүй цэлдэн хөх царайтай болсон байсан. Малдаа яваад тэгж алтан амиа алдах шахсан өвгөн дөө. Тэр шөнө манай саахалтын залуу ойрхон айл руу яваад буцахдаа бас төөрчихсөн юм билээ. Манайх малдаа өгөх гэж хуучин худагтаа өвс хийсэн байсан. Тэрэнд орж дулаан хоносон гэсэн. Би тоглоом хийгээд манай хөгшин л хээр хоносон. Чи ч яахав олон давхар байшинд дулаан хоносон хүн гээд инээлдэж байлаа. Ер нь хавар мал төллөх цагаар малчид ажил ихтэй. Шуурга шамаргатай үед малтайгаа л ноцолдоод, орж хоолоо ч идэж амжихгүй үе гардаг. Мал төллөөд эхлэхэд өдөрт 50-60-аараа төллөнө шүү дээ.

-Танайх хоёр ихэр хүүхэдтэй гэсэн үү?

Д.Цэнд-Аюуш: -Тийм ээ. Том хүүгийн дараа хоёр охин, дараа нь хоёр хүү төрсөн. Ихрийн удам өвгөн бид хоёрын хэн хэнд нь байдаг шиг байна лээ. Манай хүүхдүүдийн дөрөв нь малчин, нэг охин Эрдэнэтэд хувиараа бизнес эрхэлдэг. Нөгөө охин нутагтаа малын эмчээр ажиллаж байна. Бага хүү минь Улаанбаатарт байна даа. Манайх 13 ач, зээтэй өнөр өтгөн айл болсон.

-Танайхан бөхийн удамтай юу?

Д.Цэнд-Аюуш: -Миний хөгшин аав мундаг Цэвээн гэж их бяртай хүн байсан гэдэг. Хүүхдүүддээ “Адууг далан дээрээс нь барихад дал нь хуусардаг. Гэмтэй байдаг юм даа” гэж хэлж байсан гэдэг.

-Түвшинбаяр аварга багадаа ямар хүүхэд байв?

-Хүү минь жаахан эрх, багын л сэргэлэн, ноцолдох дуртайсан. Ах нартайгаа ноцолдож байгаа нь арай л давуу байдагсан. Манай нутагт адууны баяр боллоо. Тэгэхэд Түвшээ 15-16- тай байсан байх аа. Тэр барилдаанд өсвөр үеийнхэнд түрүүлсэн. Дараа нь Сэлэнгэ аймагт болсон өсвөрийн УАШТ-д мөн түрүүлсэн. Тэгэхэд нь өвгөн бид хоёр “Хүү минь ноцолдох дуртай юм байна. Ноцолддог газарт нь явуулбал яасан юм” гэлцээд наймдугаар ангид нь Булган аймгийн жүдо бөхийн секцэнд оруулсан. Өөрөө л Эрдэнэ-Очир багштайгаа уулзаад секцэнд нь орсон байсан. Тамирчин болох гараагаа тэндээс л эхэлсэн дээ.

-Аварга хүү тань амарч хөдөө гэртээ очиж байна уу?

-Бараг үгүй дээ. Хааяа очоод, нэг хоёр хоноод л ирдэг. Олимпоос хойш тасралтгүй бэлтгэл сургуулилалтаа хийгээд амрах зав гардаггүй юм билээ. Гэртээ ч тогтдогүй хүн шүү дээ. Тэмцээнд явна, тэмцээнээс ирж гэртээ 2-3 цаг болоод л бэлтгэлдээ гарна. Багаараа цэвэр агаарт байрлаж бэлтгэлээ хийнэ гээд л явдаг янзтай. Одоо л эмчилгээнд яваад бэлтгэл нь тасарч байна.

-Түвшинбаяр аварга ирэх олимпод дасгалжуулагчаар ажиллана гэж хэвлэлээр мэдээлж байна. Та хоёр энэ талаар дуулав уу, хүү тань юу гэж байх юм?

-Тиймэрхүү юм хүмүүс ярьж л байсан. Юу юм бол доо мэдэхгүй. Би дасгалжуулагч болохгүй л гэдэг хүн дээ.

Чи энэ тухай сонссон уу? гэж бэрээсээ лавлахад аваргын гэргий Б.Оюунбилэг дасгалжуулагч болно гэсэн мэдээг интернэтээс л уншсанаа хэлэв. Олимпийн аваргынх хоёр хүү, нэг охинтой өнөр өтгөн айл болжээ. Хүүхдүүдийн том нь гурван настай, удаах хүү нь ой таван сартай. Харин бага охин нэг сар ч хүрээгүй нярайгаараа байна. Охиноо төрөхөд бараг л үнэрлээд гарсан аав нь өвөө, эмээг нь ирсэн дээр өчигдөр (өнгөрсөн даваа гариг)охиндоо Өүлэн гэж нэр хайрлажээ.

-Түвшинбаяр аварга үндэсний бөх барилддаг байх аа?

Т.Найдан: -Аймгийн арслан цолтой. Ахлах ангид байхдаа үндэсний бөхөөр өсвөр үеийн улсын аварга болж байсан. Сэлэнгэ аймагт болсон үндэсний бөхийн УАШТ-ээс аварга болж байсан. Туг тойрч байсан зураг нь бий. Тэр зургийг нь манай нэг хүүгийнх ширдэгнийхээ завсарт хавчуулсан байхад нь “Дүүгийн чинь зураг арай ч энд байх ёсгүй дээ” гэж аашилсан. Түүнээс хойш харагдахаа больсон л байсан. Түвшинбаяр ер нь үндэсний бөх барилдах дуртай. Үндэсний бөх барилдахад бэртэх эрсдэлтэй гээд жүдогийн багш нар нь барилдуулдаггүй юм билээ.

-Та хоёр жүдогийн талаар нэлээд мэдлэгтэй болж байгаа биз дээ?

Д.Цэнд-Аюуш: -Жүдогийн мэхийг гадарладаг болоод байгаа. Зурагтаар тэмцээн тогтмол үзнэ. “Базаари үнэлгээ авчихлаа. Цэвэр яллаа” гэнэ шүү дээ. Анх хүүгээ тэмцээнд явлаа гэхэд нь газар үзээд ирэх нь сайхан юм даа гэж боддог байлаа. Сүүлдээ энгэрээ гялалзуулаад ирээсэй гэж горьдож суудаг болов.

-Танай ач, зээ нараас ахынхаа “шийрийг хатаах” хүн байна уу?

Д.Цэнд-Аюуш: -Нэг ач хүү минь жү догийн секцэд явдаг. Ноднин багийн өдөрлөгөөр барилдаад түрүүлсэн, ноцолдох дуртай 11 настай хүү бий. Тэр хүү маань “Тэмцээнд орно, хоолоо сойж байгаа” гээд юм идэхгүй байсан. Монгол бөх барилдахдаа жүдогийн үүрч шидэх мэх хийгээд байгаа юм. Хэрэндээ бяртай бололтой. Дүүтэйгээ ноцолдоод унагаахгүй, унахгүй зовооно оо. Дүү нь “Эмээ барьж байгаарай” гээд надаас дэмжлэг авна. Бид хоёр хамжаад ч унагааж дийлдэггүй.

Т.Найдан гуай үг дуу цөөтэй, ажилч хичээнгүй, эгэл даруухан малчин. Өвгөнийхөө тухай Д.ЦэндАюуш гуай “Би тохитой томоотой сайн хүнтэй ханилж, аз жаргалтай амьдарсан. Сайхан хүү төрүүлсэн. Үр хүүхдүүддээ сургаальтай, улс орондоо ихийг бүтээсэн ханьдаа үргэлж баярлаж явдаг” гэж хэлснийг нь дурдалгүй өнгөрч болохгүй. Тэд нутаг орондоо бол нэр хүндтэй малчид. Харин Олимпийн аварга хүү нь аав, ээжийгээ монгол түмэнд танилцуулсан.

Лондоны олимпийн дараахан Оросоос хүнд даацын ачааны машин оруулж ирсэн монгол залуу Хиагтын боомт дээр ирэхэд бичиг баримтын зөрчилтэй байжээ. Түүний хил дээр очиход өмнөх өдөр нь Н.Түвшинбаяр аварга мөнгөн медаль авсан байж. Баримтын зөрчилтэй тул түүнийг хил давуулахгүй байж болно. Гэсэн ч сэтгэл хөдлөл ихтэй хойд хөршийн хилчид “За за, Түвшинбаяр Найданыг бодоод чамайг торгохгүй хил нэвтрүүллээ шүү. Тэр бол агуу тамирчин” гэж хэлээд явуулсан. Энэ явдал сурвалжлагч миний ойрын танилд тохиолдсон. Энэ тухай аваргын гэр бүл, аав, ээжид нь дуулгах боломж олдов. Үүнийг дуулсан монгол цустай хэнбугай баярлахгүй байж чадна гэж үү. Тэр дэлхийн тамирчин юм. Ийм л эгэл жирийн аав, ээжийн өвөр дээр ирээдүйн Олимпийн аварга, Нобелийн шагналтнууд эрхлэн өсөж байна гэдэгт эргэлзэх юм алга.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7056979/1f7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» Т.НАЙДАН: ТҮВШИНБАЯР ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОХГҮЙ Л ГЭДЭГ ХҮН ДЭЭ 2013-02-21 9649
1548 ХАРҮМАФҮЖИ ГАДААД СЭТГҮҮЛЧИДТЭЙ ЯРИЛЦЛАА 2013-02-21 11029
1547 Цагаанаа, Цоомоо хоёрын “юм юмтай” жиргээ [1] 2013-02-20 11076
1546 Өмнөд Суданы сургууль Ерөнхийлөгчийн нэрэмжит боллоо 2013-02-20 11080
1545 МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО БУС ХАРЬД БАЯЛАГ БҮТЭЭСЭЭР БАЙХ УУ [1] 2013-02-19 9626
1544 Эрүүл мэндийн технологийн сургууль олон улсад магадлан итгэмжлэгдлээ [2] 2013-02-19 11168
1543 МОНГОЛ ТОГООЧ НАР МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ [1] 2013-02-19 10103
1542 Өмнөд туйлд мандсан Төрийн далбааг Ерөнхий сайдад гардууллаа 2013-02-19 11720
1541 О.БУРМАА ДАН КОЛОВООС ТАВ ДАХЬ МЕДАЛИА АВАВ [1] 2013-02-18 11126
1540 ДОПИНГОД ДОЛИГОНОСОН ХУУЛЬ [2] 2013-02-18 10438
1539 АРВАН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН “АЛДАРТНУУД” ТОДОРЛОО 2013-02-18 12059
1538 Дотоодын цэргийн алба хаагчид зургаан хүний амийг аварлаа [2] 2013-02-15 9841
1537 Ерөнхийлөгч энхийг сахиулах ажиллагаатай анх удаа танилцана [1] 2013-02-15 11398
1536 Аймгийн ТӨВҮҮДИЙГ ЖИШИГ ХОТ БОЛГОНО [1] 2013-02-15 11624
1535 Д.БОЛДБААТАРЫН МОТОЦИКЛЬ ЭВДЭРСНИЙ, Н.ЛХАМААГИЙН ЗАМААС ГАРСНЫ ШАЛТГААН ЮУ ВЭ? [1] 2013-02-14 10617
1534 Д.ЭРДЭНЭТОГТОХ ӨМНӨД АМЕРИКИЙН НОЁН ОРГИЛД АНХ УДАА ГАРЛАА [1] 2013-02-14 12102
1533 ЦАГААНАА ТҮРҮҮЛЖ, МАНАЙХАН БАГААРАА ГУРАВТ ЖАГСАВ 2013-02-14 11847
1532 Б.СУВД: МОНГОЛ ДЭЭЛИЙГ ДЭЛХИЙН ХУВЦАСНЫ ТҮҮХЭНД ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ 2013-02-14 14694
1531 Төрийн тэргүүний тухай ном зүйн хоёр боть мэндэллээ 2013-02-14 12626
1530 Ургийн бичиг хөтлөх программ бүтээжээ 2013-02-14 12466
배너신청
자생병원

배너신청