МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор М.Зулкафиль, соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа тэргүүтэй үе үеийн үзэг нэгт нөхөд маань “ногоон хот”-той болох үйлсэд хувь нэмрээ оруулахаар тэнд цугласан юм. Хус 100-120 насалдаг. Сэтгүүлчдийн тарьсан нь 10-12 настай нялх мод боловч тийм ч их арчилгаа шаарддаггүй гэдгийг бидэнд зааварчилж байсан цэцэрлэгч хэлсэн. Гэхдээ хус тарихад холимог хөрс буюу хар шороо, бууц, бордоо, үртсийг заавал бэлтгэсэн байх ёстой аж. Ёслолын ажиллагааны үеэр хотын мээр Г.Мөнхбаяр “Энэ ажилд оролцсон сэтгүүлч та бүхэнд баярлалаа. “Хот ба сэтгүүлч” уулзалтын үеэр нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмэр оруулж, мод тарих үйлсэд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахаар болсон маань ийнхүү биеллээ оллоо. Өөрийн нэр, байгууллагаараа нэрлэсэн модоо жилээс жилд өсгөн бойжуулж, улам олон болгохын төлөө ажиллана гэдэгт итгэж байна.
Мод тарихдаа гол нь биш, жилийн дөрвөн улиралд арчилж хамгаалах нь чухал. Энэ жил Үндэсний цэ цэрлэгт хүрээлэнг дугуйн зам, усан оргилууртай болгох ажил дуусна” гэлээ. Дэлхийн туршлагаас үзэхэд, хотын ногоон байгууламж нийт талбайн 50-70 хувийг эзэлдэг бол Улаанбаатарын хувьд дөнгөж 3-5 хувьтай байна. Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийнхний чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдгөө 94 мянга орчим мод тарьжээ. “Монголд орчин цагийн сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой ирэх жил болно. Ойн хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлээс жилийн бүтээлч ажил зарласны нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран сэтгүүлчдийн төгөл байгуулах төсөл. Төглөө харж хамгаалах, хэрхэн тохижуулах талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээн МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлэв.