Эмэгтэй
48 кг: ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг эхний даваанд хийлж, дараа нь
Узбекистаны Д.Якшимуратоваг 6:0, 4:0, Румыний Э.Добрег 6:0, 7:0-ээр мөн
түвэггүй ялж, дөрөвт үлдэв. Улмаар олимпийн эрхийн барилдаанд Украины
О.Когуттай хүндхэн барилдаан хийж, 1:3, 2:1, 4:0-ээр буулган авчээ.
Гэхдээ манай бөх энэ амжилтандаа ханасангүй, Беларусийн В.Калазинскаяг
3:3, 4:0-ээр хожиж, аваргалсан байна.
55 кг: Энэ жинд 19 бөх зодоглоход С.Бямбацэрэн эхний тойрогт гоц мөргөн 16-д үлдсэн. Дараа нь Чехийн Л.Мартинаковаг 2:0, 2:0-ээр, Румыний А.Павалыг 1:0, 1:1- ээр буулган авав. Ингээд эрхийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Беларусийн З.Сидаковаг 1:0, 1:3, 4:0-ээр ялсан юм. Харин финалд Ардчилсан Солонгосын Хан Кум-Окт 3:1, 4:1-ээр хожигдон мөнгөн медаль дээр буусан байна.
72 кг: ДАШТ-ий
мөнгөн медальт О.Бурмаа гоц мөргөн 16-д үлдээд олимпийн хүрэл медальт
Польшийн К.Вешекийг 0:1, 1:1, 1:0-ээр буулган авсан. Дараа нь Энэтхэгийн
П.Гуршараныг 1:0, 4:0, Норвегийн М.Эрландсенийг хүнд барилдааны эцэст
0:1, 3:1, 4:4-өөр ялж, олимпийн эрхээ биелүүлжээ. Улмаар финалд Молдавын
С.Саэнкод оноо алдалгүй 1:0, 1:0-ээр хожиж, энэхүү тэмцээнд аваргаллаа.
Ингэснээр манай бүсгүйчүүд боломжит дөрвөн жинд бүгдэд нь эрхийн болзол
хангасан юм.
Эрэгтэй
55 кг: Оны эхээр “Mongolia Open” тэмцээнд гялалзтал барилдан түрүүлсэн Т.Даваахуяг тэгшитгэлд Азербайжаны Я.Алиевийг 3:0, 0:1, 1:0-ээр, бага шөвөгт Германы К.Эвалдыг 1:0, 2:0-ээр ялж, наймд үлдсэн. Гэвч Солонгосын Ким Жин-Чолыг барсангүй (0:1, 0:2). Өнөөх солонгос нь дараагийн даваанд ялагдсан болохоор манай бөхөд дагаж барилдах боломж олдоогүй аж. Хэрвээ түүнийг аргалсан бол олимпийн эрхийн төлөө барилдах байв.
60 кг: Энэ жинд 27 бөх барилдсан бөгөөд манай тамирчин Б.Баянмөнх тэгшитгэлд Узбекистаны Б.Эрматовыг 2:4, 4:1, 6:0-ээр сөхрүүлсэн. Харин дараагийн даваанд Ардчилсан Солонгосын Ри ЖонМ ёнд 0:3, 4:5-аар харамсалтай хожигдсон байна. Түүнийг ялсан солонгос цааш явсаар түрүүлжээ.
66 кг: Америкт амжилттай барилдан NCAA-гийн аварга болж байсан Б.Мянганбаяр хашир туршлагатай Б.Батзоригийн оронд эрхийн тэмцээнд барилдсан. Манай хүн эхлээд Гвиней Биссаугийн К.Интипегээр бие халаалт хийж 5:1, 4:2-оор хожоод Туркийн Г.Якупт 1:0, 2:0-ээр хожигдов. Турк бөх дараагийн даваандаа ялагдсанаар түүний тэмцээн дууссан байна.
74 кг: Эрэгтэй чөлөөтийнхний хоёр дахь эрхийг ОУХМ П.Өнөрбат авлаа. Манай хүн эхлээд Вьетнамын Тат Ду Каныг 4:0, 4:0-ээр түвэггүй сөхрүүлж, дараа нь Хятадын Жан Чонгяаог 4:1, 0:1, 4:1-ээр хожсон. Харин олимпийн эрхийн төлөө Туркийн Д.Сонертэй хийсэн барилдаан хүндхэн болж, Өнөрбат 1:0, 0:3, 5:0-ээр давамгайлжээ. Манай бөх тэр эрчээрээ финалд Унгарын бөх, ДАШТий хүрэл медальт Г.Хатошийг 1:0, 2:2-оор ялж, Хятадын дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.
84 кг: Нэг гоц мөргөн 16-д үлдсэн П.Өсөхбаатар хоёрын даваанд Японы А.Мацүмотод 1:0, 0:1, 0:3-аар ялагдан тэмцээнээ дуусгав. Түүнийг хожсон япон дараа нь Болгарын М.Ганевт дийлдсэн юм.
96 кг: Венесуэлийн тамирчныг 1:0, 3:0- ээр хожин бие халаалт хийсэн Ч.Ганзориг хоёрын даваанд Унгарын Ш.Кисст 1:1, 2:3- аар харамсалтай хожигджээ. Өнөөх унгар нь дараагийн даваанд Украины бөхийг ялаагүй тул Ганзоригт дагаж барилдах боломж олдсонгүй.
Ийнхүү манай чөлөөтийнхөн дор хаяж зургаан тамирчнаа Лондонд сойх нь (Бээжинд мөн зургаа) тодорхой боллоо. Гэхдээ энэ тоо нэмэгдэх боломжтой. Одоо тавдугаар сарын 4-6-нд Финландын Хельсинк хотноо эрхийн төлөөх сүүлийн тэмцээн болох юм. Энд жин бүрийн эхний хоёрт орсон бөхчүүд олимпийн эрхээ биелүүлэх билээ.