Энэ
сарын 9-нд УДБЭТ-т нээлтээ хийсэн Азийн оюутны аварга шалгаруулах
эмэгтэй волейболчдын тэмцээн үргэлжилж байна. Өнгөрсөн мягмар гаригт тус
тэмцээний анхдугаар аварга Тайланд, Кыргызстаны багийн хооронд нээлтийн
тоглолт болж, аваргууд өрсөлдөгчөө илт давуу буулган авсан. Ердөө
гуравхан үед шийдэгдсэн тоглолт 25:8, 25:23, 25:10-аар өндөрлөсөн юм.
Мөн энэ өдөр Хонконгийн бүсгүйчүүд Малайзыг 3:0-ээр (25:17, 25:13,
25:14) буулгаж авсан. Харин өчигдөр Монголын шигшээ энэ тэмцээний
хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй Тайландын багтай эхний тоглолтоо
хийлээ.
Аваргууд эхний үед 25:14-өөр илүүрхсэн ч хоёрдугаар үед манай охид нуруугаар илүү гэдгээ харуулж, хамгаалалтыг амжилттай тавьж байсныхаа хүчээр 25:19-өөр ялалт байгуулж, партын харьцааг 1:1 болгосон . Харин гуравдугаар үеэс жинхэнэ гал гарсан тоглолт гарсан юм. Тайландууд манайхны сул зайг ашиглан довтолгоогоо удаа дараалан амжилттай хийсээр 25:17-гоор давамгайлсан. Дөрөвдүгээр үеийг заавал авах даалгавартай эхлүүлсэн манайхан 13:16-гаар хожигдож явсан ч алдаагаа залруулж давуулалт, хамгаалалтаа жигд хийх болов.
Багууд ээлжлэн оноо авалцсаар тооны харьцаа 19:19 болон тэнцсэн мөчөөс хойш манайхан талбай дээрээ тоглож байгаа багийн зангаргийг харуулж, 25:20- иор ялснаар шийдвэрлэх тавдугаар үеэс бүх зүйл хамаарах болсон. Хөлбөмбөгт 12 дахь тоглогч нь хөгжөөн дэмжигчид байдгийн адилаар манай хөгжөөн дэмжигчид багийнхаа долоо дахь тоглогч нь байж чадсан бөгөөд уухайн түрлэгээр багаа дэмжсэн нь үнэхээр сүрдмээр, бахархмаар байлаа.
Нэмэлт үед 7:10-аар хожигдож явсан ч Монголын шигшээ багийнхан хөгжөөн дэмжигчдийнхээ ачаар дахин нэг ч оноо алдалгүй өрсөлдөгчөө 15:10-аар буулган авч, тивийн аваргын эхний хожлоо авлаа.