Улаанбаатарын утааг багасгах зорилгоор гэр хорооллын айлуудад янз бүрийн зуух, цахилгаан халаагуур туршиж байгаа ч утаа багассан нь төдийлэн мэдэгдээгүй. Тэгвэл саяхан Барилгын автоматжуулалт, салхивчны үйлдвэрлэл эрхэлдэг “ВТ” компани хийн зуух оруулж иржээ. Энэ зуухыг хэрэглээнд нэвтрүүлж буйтай Нийслэлийн агаарын чанарын алба, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаар сангийн төлөөлөгчид болон Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга нар танилцсан юм.
Харин аравдугаар сард Швейцарь улсаас авчирсан уг зуухны талаар “ВТ” компанийн захирал Д.Намсрай “Бид энэ зуухыг өнгөрсөн онд өөрийн компанийн байранд халаалт тавих зорилгоор авчирсан. Долоон сарын хугацаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй тул Монголын утааны эсрэг хэрэглэе гэж шийдсэн. Өмнө нь манайд хийн зуух огт байгаагүй ч хийн зуухны эрэлт байсан гэж бодож байна” гэлээ.
Хотын захын гэр хорооллыг барилгажуулах ажлыг V цахилгаан станцыг баригдсаны дараа шийдвэрлэх байсан. Энэ нь нэг хэсэгтээ утаанаас салахгүй гэсэн үг. Харин энэ зуухыг хотын захын сургууль, цэцэрлэгийн томоохон барилга байгууламжийг халаахад ашиглахаар төлөвлөж байгаа юм байна. Учир нь хийн зуух жирийн зуухыг бодвол илүү том талбайг халааж чадах бөгөөд 7-20 мянган квт бүхий хүчин чадалтай аж. Мөн талбайн хэмжээнээс хамаарч зуухны хүчин чадлыг сонгож болно. Агаар бохирдуулахгүй сайн талтай энэ зуухыг нарны эрчим хүчтэй хослуулан хэрэглэвэл цахилгааны өртгийг 30 хувь хэмнэх гэнэ. Сонирхуулахад, дэлхийн олон оронд энэ технологийг хэрэглэдэг Бээжин хот энэ зуухны ачаар утаанаас ангижирсан юм байна. Энэ зуух нь бүрэн автомат ажиллагаатай учир ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд нэгдсэн сүлжээнд холбогдсон компьютер дээр мэдээлэл ирдэг аж.