Боловсруулсан хог хаягдлыг түлшний зориулалтаар хэрэглэж болох аж. Үйлдвэрийн эхний дамжлагад хог хаягдлыг хүнд, хөнгөн байдлаар ялгаж төмөр, шил зэргээр ангилан тусгай саванд хийсний дараа эцсийн дамжлага буюу бутлагч машин хогийг жижиглэх аж. Ингэж дахин боловсруулсан хогийг эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэг, эм нэлгийн түлшинд хэрэглэхээр болжээ. Тус үйлдвэр өдөрт 80 тонн хог боловсруулах хүчин чадалтай. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн О.Оджаргал “Хог боловсруулах үйлдвэр Улаан баатарт анхных нь. Эхний ээлжинд энд солонгос хүмүүс ажиллаж байгаа. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Монголын талд бүрэн хүлээлгэн өгсний дараа монголчууд ажиллана” гэлээ.
Хог боловсруулах үйлдвэрт ажиллах 40-50 хүнийг ТҮК-ийн ажилчдаас сонгон авч үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр хэрхэн ажиллах талаарх сургалтад хамруулж эхэлжээ. Тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Солонгос улсад өргөн хэрэглэдэг байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд “Хог боловсруулах үйлдвэрээс гарган авсан түлшний бүтээгдэхүүнээ сургууль цэцэрлэгээс гадна Налайх дүүргийн цахилгаан станцад хэрэглэнэ. Учир нь боловсруулсан түлш хэрэглэх стандартын зуух тэнд бий. Налайхын түлшний хэрэглээний зөвхөн дөрөвхөн хувийг л эхний ээлжинд хангана” хэмээн ярилаа.
Тус
үйлдвэрийг 3,5 сая долларын өртгөөр босгожээ. Цаашид үйлдвэрийн хүчин
чадал нэмэгдэнэ гэж албаныхан хэлсэн. Үйлдвэр ашиглалтад орсноор
нийслэлээс гарч байгаа хог хаягдлын 80 гаруй хувийг дахин боловсруулна.
Мөн Улаанчулуутын хогийн цэгт байрласан олон жилийн хур хогийг тус
үйлдвэр 2015 он гэхэд дахин боловсруулж дууссан байх юм.
Б.АРИУНТУЯА