ӨМӨЗО-ны
Биеийн тамир спортын хороо, МҮОХ хамтран Өвөр Монголын Ордос хот буюу
Зүүн гар хошуунд аравдугаар сарын 8-11-нд автомашин, мотоциклын бартаат
замын уралдааныг зохион явууллаа. Энэхүү уралдаанд Монголын автомашин
болон мотоциклийн спортын шилдгүүд болох ОУХМ Д.Болдбаатар, Ш.Гансүх,
Э.Халиунболд, Х.Тэмүүжин зэрэг тамирчид дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг,
Б.Хадбаатар, холбооны УЗ-ийн гишүүн Л.Баасанжав, Д.Ганбат, ахмад
тамирчин, ОУХМ Д.Дашдорж болон хөгжөөн дэмжигчдийн баг зэрэг нийт 70
хүний бүрэлдхүүнтэй томоохон баг оролцлоо.
Уралдааныг БНХАУ-ын Авто мото спортын холбооны (CMSA), ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын хороо ивээн тэтгэж, тамирчдад өндөр шагнал өгсөн юм. Автомашины уралдаанд 70 баг оролцсон бөгөөд тамирчид нэг нэгээр гараанаас гарч 2,5 км бартаа саад бүхий замыг туулсан цагийн амжилтаар байр эзлүүлэхэд эзэн орны баг шилдэг гэдгээ харуулан эхний байруудыг эзэлсэн. Манай тамирчдын хамгийн сайн амжилт VII байр байсан.
Уралдааныг зохион байгуулагч нар УАЗ автомашинаар оролцсон Монголын баг тамирчдыг уралдуулан дүнг гаргахад тэргүүн байрт спортын мастер Ш.Гомбодорж шалгарч, дэд мастер Ариунболд, залуу тамирчин Сүрэндорж нар удаалсан. Мотоциклын бартаат замын уралдааны төрөлд манай зургаан тамирчин оролцсон ба нийт 40 тамирчин гараанаас гарсан юм. Энэхүү төрөлд манайхан Ази тивд шилдэг гэдгээ харуулж, ОУХМ Э.Халиунболд түрүүлэн, ОУХМ Х.Тэмүүжин удаах байрт шалгарсан. Уралдааныг жил бүр уламжлал болгон зохион явуулах бөгөөд жилээс жилд шагналын сан өндөр байх болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.