ДАШТ-д манай боксчид хэрхэн өрсөлдсөнийг тоймлов. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Камеруны тамирчин Томас Эссомбаг 11:6 (2:1, 5:3, 4:2) харьцаатай ялсан бөгөөд дараа нь Колумбын боксчин Сейбер Авиллатай тоглож, 13:12 (3:3, 5:2, 5:7) харьцаатай ялалт байгуулсан. Ийнхүү тэрбээр шөвгийн наймд шалгарч, олимпийн эрхийн болзол хангаад зогсохгүй медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэрбээр дараагийн өрсөлдөгч Кубын тамирчин Йосвани Вейта Сотог нэгдүгээр үед хүнд цохилтоор буулгаж авснаар ДАШТ-ий хос медальтан болсон.
Харин У.Мөнх-Эрдэнэ шөвгийн 16-д Ираны боксчин Мехди Толутибандпитай тулалдаж, 24:9 (8:4, 9:2, 7:3) харьцаатай ялснаар ирэх жил Лондонг зорих тамирчдын тоог нэмсэн. Тэрбээр хүрэл медалийн төлөө Италийн тамирчин Винченцо Мангиакарпетай тоглоод ялагдсан. Манай таван боксчин олимпийн эрхийн босгон дээр тулж ирээд гурав нь ялагдсан. Гэхдээ тэдэнд бага ч гэсэн найдвар үлдээд байлаа. AIBA-гаас энэ жилийн ДАШТ-ий доод найман жингийн эхний 10 байр эзэлсэн тамирчдад олимпийн эрх олгоно хэмээн мэдэгдсэн. Гэхдээ 9, 10-р байрын эздийг яаж тодруулах нь тодорхойгүй байв.
Улмаар
тэмцээний үеэр AIBA-гийн Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шөвгийн 16-д гарч
ирээд финалд шалгарсан боксчдод хожигдсон нь тэрхүү эрхийг авна хэмээн
заасан юм. Тиймээс өөрийг нь ялсан боксчин цааш явсаар аваргын төлөө
тулалдахаар үлдвэл тэрхүү тамирчин олимпод оролцох эрхээ авах байлаа.
Гэвч манай гурвыг ялсан тамирчид шигшээд үлдэж чадсангүй.
Г.БАЯРСАЙХАН